Саудын Араб бидний “найз“

Өнөөдрийн байдлаар дэлхийн нефтийн үнийг нэг л улс тодорхойлж байна. Энэ бол Саудын Араб. Хэдий одоог болтол нөөцийн хэмжээгээ нуусаар байгаа ч судлаачдын үзэж буйгаар дэлхийн уламжлалт аргаар олборлох боломжтой нефтийн нөөцийн 20 хувийг тэд эзэмшдэг ажээ. Хэзээ цоргоо сайн нээж нефтийн үнийг буулгах, хэзээ багасгаж үнийг нь  нэмэгдүүлэх вэ гэдгийг тэд л мэднэ. Яах ч аргагүй. 

2014 онд олон жилийн туршид харьцангуй тогтвортой байсан газрын тосны үнэ навс уналаа. Мэдээж зориудаар олборлолтоо эрс нэмэгдүүлж, үнэ буулгасан "буруутан" бол яах аргагүй Саудын Араб. Ингэхдээ хөөрхий монголчууд нефтэнд их мөнгө төлдөг учраас тэдэнд туслая гэж бодоогүй нь лавтай. Илүү холыг харсан, өөрсдийн эрх ашгаа бодсон, нарийн тооцоолсон зорилго тавьсан нь ийм алхам хийхэд хүргэсэн болов уу.

Тэдний ДНБ-ий тавны нэг нь нефть экспортолсон орлогоос бүрддэг. 1991 онд АНУ-ын цэргүүд Иракт ороход, АНУ-ын нефтийн импортын дөрөвний нэг нь Саудын Арабт ногдож байсан бол 2014 оны аравдугаар сарын байдлаар энэ тоо 9,2 хувь болтлоо буурсан байна. Энэ чигээрээ цаашид үргэлжилбэл хэдхэн жилийн дараа саудын арабчууд АНУ-д нефть экспортлох шаардлагагүй болно. Үүний гол буруутан хэн бэ?

Гол шалтгаан нь АНУ-ын занарын олборлолт эрс нэмэгдсэн явдал юм. Энэ нь зөвхөн Саудын Арабын АНУ-д нийлүүлдэг нефтийн хэмжээнд нөлөөлөөд зогсохгүй, экспортынх нь 70 хувийг эзэлдэг Азийн зах зээл дээр америкчууд түрэн орж ирэх аюулыг бий болгох магадлалтай. Тэгэхлээр АНУ-ын занар олборлогч компаниуд руу үнийн дайралт хийж, тэднийг ашигтай ажиллах боломжгүй болтол нь, өөрөөр хэлбэл, дампууртал нь нефтийн үнийг буулгах зорилго тавилаа.  

Нөгөө талаас, бүс нутгийн бодлого тодорхойлогч улс болоход нь саудын арабчуудад /хүн амын 85 хувь нь суннит/ байнга саад болж, суннитуудын эсрэг шийтүүдийг байнга турхирч байдаг Иран /хүн амын 90 хувь нь шийт/, суннитуудаас хамаагүй цөөхөн мөртөө засгийн эрхэнд гарчаад бууж өгдөггүй шийт сүсэгтэн, Сирийн удирдагч Ассадыг эдийн засгийн хувьд буулгаж авах давхар бодлого яваа болов уу.

Өнөөдрийн нефтийн үнийг 2014 оны зургадугаар сартай харьцуулбал хоёр дахин унаад байна. Гэтэл АНУ-ын нефтийн олборлолт буурах биш, харин бүр нэмэгдэн дэлхийн хамгийн том олборлогч болоод байгааг Олон улсын энергийн агентлагаас саяхан гаргасан тайланд тэмдэглэжээ. Америкчууд энэ оны хоёрдугаар сарын байдлаар өдөрт дунджаар 12,6 сая баррель нефть олборлож байгаа нь өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад даруй нэг саяар илүү байгаа юм.

Ямар зорилгоор эрэлтээс давсан нийлүүлэлт хийж байна вэ? Америкчуудын мэдэгдэж буйгаар, хадгалсан нефтийн нөөцөө нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Гэтэл тэр нөөц нь өнгөрсөн долоо хоногт 1930 оны амжилтыг эвдэж 458,5 сая баррель хүрлээ. Bloomberg-ийн тэмдэглэснээр энэ сарын эцэс гэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах нөөцийн савнууд нь бүгд дүүрэх ажээ.

Газрын геологийн тогтоцоос хамааран нэг баррель занарын нефтийг олборлох өртөг 30-40 ам.доллар болж байгааг судлаачид хэлж байна. Харин Ойрхи Дорнодод уламжлалт аргаар нэг баррель нефть олборлох өртөг занарынхаас даруй хоёр дахин хямд тусаж байгаа юм. Тэгэхлээр Саудын Араб нефтийн үнийг бүр 20 ам.доллар хүртэл буулгах боломжтой гэсэн үг.

Өнөөдрийн дэлхийн зах зээлийн ханштай харьцуулж бодвол АНУ-ын занар олборлогч компаниуд аль хэдийн дампуурсан эсвэл шинэ олборлолт хийхээ зогсоосон байх ёстой. За яахав, нөөцийн савнуудыг дүүргэхэд бүх олборлолтоо чиглүүлсэн гэж үзэхэд дүүрсний дараа яах вэ? Ингэсний дараа л Саудын Араб тавьсан гол зорилгодоо хүрэх бололтой. Гэхдээ америкчууд олборлолтоо буурууллаа гээд үнэ нэмэгдэхгүй л болов уу. Бага зэргийн мөргөлдөөн, нэг хунтайж нас барснаас болж хэлбэлздэг байсан нефтийн үнэ саяхан Иемен улсад Саудын Араб агаараас цохилт хийж, цэрэг оруулна гэж байхад огтхон ч хөдөлсөнгүй. Тэгээд ч нефтийн үнэ нэмэгдэхэд алдагдал хүлээх улсууд нь ашиг олохоосоо дэндүү олон байгаа юм.

Шинжээчдийн үзэж буйгаар доод тал нь нэг баррель нефть 60 ам.долларт хүрж байж АНУ-ын компаниуд ашигтай ажиллах гэнэ. Тэгэхлээр нефтийн үнэ өсвөл Саудын Араб цоргоо илүү нээдэг, үнийг АНУ-ын компаниудад ашиггүй байх түвшинд барих энэ "тоглоом" нэлээн удаан үргэлжлэх шинжтэй. Судлаачдын үзэж буйгаар, Саудын Арабын 750 тэрбум ам.долларын валютын нөөц нь тэдний төсвийн алдагдлаа нөхөхөд хэдэн жилдээ хүрэлцээтэй гэнэ.

Уг нь саудын арабчуудын АНУ-ын эрх ашгийг илт зөрчсөн энэ үйл ажиллагаа олон жил үй зайгүй явсан найзуудын дунд хагарал үүсгэх учиртай. Гэтэл америкчууд үүнийг дэмждэггүй юм аа гэхэд эсэргүүцэхгүй байгаа нь тэдэнд нефтийн үнээс илүү чухал эрх ашиг байгаатай холбогдох болов уу. Нэг ёсондоо дотоодын нефть олборлогчдыг золигт гарган Орос, Иран болон Венусель зэрэг нефть зарж амьдардаг эвлэршгүй дайснуудаа нуга дарж авах гэсэн давхар стратеги бололтой. Тэрнээс өдийд сайн найзуудын хооронд тангараг тасарч, буу шийдэмдээ хүрэх ёстой байсан. 

Ялангуяа дуулгавар муутай оросуудыг шийтгэх, болж өгвөл нефтийн хямдралаар далимдуулан ОХУ-ын дотоодын зөрчлийг нэмэгдүүлж, Путиныг унагах гэж буйгаа америкчууд огтхон ч нуухгүй байгаа. 2013 оны байдлаар л гэхэд ОХУ-ын нийт экспортын 54 хувь /283 тэрбум ам.доллар/, байгалийн хийтэй нийлүүлж авч үзвэл холбооны төсвийн 70 орчим хувийг газрын тосны худалдаа бүрдүүлж байгаа юм. Энэ оны гуравдугаар сард гарсан мэдээгээр авч үзэхэд нефтийн үнийн уналтаас болж оросууд 135 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа . Эдийн засгаа төрөлжүүлж амжаагүй байсан оросуудад үнийн уналт нэлээд хүнд тусч байх шиг. Нефьтийн үнийг дагаад рублийн ханш бас суларлаа.

Ямартай ч гэсэн нефтийн үнийн уналтаас түүнийг импортлогч орнууд, тухайлбал, Европын холбооны улсууд, бидний цөөхөн монголчууд бага ч болов хожиж байна. Нефтийн үнэ нэмэгдэхгүй байж, бидний ядарсан эдийн засагт бага ч болов хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Саудын Арабийн шинэ хаанд ганц хоёр шонхор бэлэглэвэл.....

 А.АРВИН

 

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.