Фракцуудын амбицад идэгдсэн АН

Өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүрэлдэхүүнээс МАН-ын зургаан сайдыг чөлөөлөөд бараг хоёр долоо хонож байна. 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон Н.Алтанхуягийн Засгийн газрыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, авлигын хэргээр шүүхээс ял сонссон Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-тай гэрээ байгуулсаныг буруутган огцруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулсан билээ. Ингэхдээ эрх баригч Ардчилсан нам хуучин МАН-тай эвссэн юм. Энэ нь АН-МАН-ы анхны эвсэл биш. 2008 оны парламентын сонгуулийн үр дүнд МАН парламентад олонх суудал авсан ч тухайн үед цөөн суудал авсан АН-ыг хамтран засаг барихыг санал болгосон. Энэ үйлдэл нь МАН гар султайдаа биш харин 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн хариуцлагыг ганцаар үүрэхгүй гэсэндээ ийм алхам хийсэн гэж олон хүн үздэг. 2008 оны сонгуулийн санал хураалтаас хойш гурав дахь хоног дээр буюу долдугаар сарын 1-нд нийслэл Улаанбаатар хотод үймээн болж таван хүний амь эрсэдсэн Монголын түүхэнд байгаагүй эмгэнэлт хэрэг гарсан.

 

МАН-АН хэмээн нэрлэж заншсан энэ хоёр намын эхний эвсэл АН 2012 оны сонгуулийн өмнө МАН-ыг хаяж засгаас гарсанаар дуусч байсан бол хоёр дахь эвсэл нь АН гуйсан бэрээ буцааж төрхөмд нь буцааснаар дууслаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн тохироогоор МАН зургаан сайдын суудал авсан. Тухайлбал, Шадар сайд, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хөдөлмөрийн сайд гэсэн албан тушаалыг авсан юм. МАН хамтран ажиллах гэрээгээ зөрчиж, эвссэн анхны өдрөөсөө АН-ын ажлыг гацаасан, төрийн ажлаар дөрөөлж сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн гэсэн шалтгаанаар МАН-ын сайдуудыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргасан.

Ор гараад буй зургаан яамны сайдын сэнтийд залрах сайдуудын нэрсийг тодруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг элэг бүтэн болгох ажил харин санаснаас сунжирч байна. Зургаан сайдыг наймдугаар сарын 3-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар чөлөөлсөн бөгөөд хоёр долоо хоногийн хугацаатай зарлагдсаг ээлжит бус чуулган дараагийн сайдуудыг тодруулаад өндөрлөнө гэж олон хүн хүлээж байсан ч талаар болсон. УИХ-ын дарга З.Энхболд сайдуудын нэрсийг өргөн барьсан нөхцөлд дахин ээлжит бус чуулган зарлана гэж мэдэгдсэн ч дараагийн сайдуудын асуудлыг ирэх аравдугаар сард эхлэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр хойшлуулж байгаа тухай Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр /2015.08.24-ний Даваа/ мэдээллээ.

АН-аас гадна Засгийн газрыг бүрдүүлж байгаа нөгөө нэг субъект болох МАХН-ТҮАН-ын "Шударга ёс” эвсэл зөвшилцсөний эцэст "Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга, хот байгуулалт болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын суудлыг, харин үлдсэнийг АН авахаар тохирсон. "Шударга ёс” эвсэл сайдуудын нэрсээ тохироод байгаа бол АН гурван сайдын нэрээ тохиролцож чадалгүй ийнхүү аравдугаар сар болтол хойшлуулж байна. Сангийн сайдад Н.Батбаяр, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Барилга, хот байгуулалтын сайдад Г.Баярсайхан гэсэн УИХ-ын гурван  гишүүнийг АН гаргаж ирсэн ч Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нарыг кабинетийн бүрэлдэхүүнд оруулахгүй гэснээс үүдэн асуудал гацаанд орчихоод байна.

Өөр өөрсдийн эрх ашиг бүхий олон фракцтай гэдгээ дотоод ардчилалтай хэмээн тайлбарладаг АН ийнхүү фракцуудынхаа амбицийн өмнө дахин сөхөрлөө. 1996-2000 онд АН үнэмлэхүй олонхоор засаг барьж байх үед чухамхүү фракцуудын амбиц дээр нь тухайн үеийн сөрөг хүчин МАХН хангалттай тоглож, дөрвөн Засгийн газрыг нь огцруулж байсан билээ. УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргын үүрэгт ажлыг аваад "намаа фракцгүй болгоно” хэмээн амалж байсан ч амлалт, бодит байдал хоёр алд дэлэм зөрүүтэйг АН-ын өнөөгийн байдал харуулж байна. Монголчуудын хувьд өвлийг гарз багатай, өнтэй давах бэлтгэл намрын ажлаас хамаардаг. Ид ажлын үеэр ийнхүү кабинетийн гуравны нэг орлон гүйцэтгэгчтэй Засгийн газар айсуй мичин жилийн зудын хариуцлагыг хүлээх болов уу. Энэ жилийн зун олон аймгийн нутаг гантай, ургацын тал хувиа алдах бодит аюул нүүрлээд байгаа. Өнгөрсөн цаг тооллыг харахад мичин жилийн зуд гэдэг үг монголчуудын голд орсон байдаг бөгөөд хонь жилийн зун нь гантай байж мичин жилд золгосон тохиолдолд ийм аюул нүүрлэж байсан байдаг.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.