Ялалтын баярын ар дахь улс төр

Маргааш манай хойд хөрш ОХУ-ын нийслэл хотноо оросын ард түмэнд Гитлерийн Германы армийг бут цохисоны 70 жилийн ой ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Оросууд энэ баярыг Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр гэж нэрлэдэг. Ялалтын баярыг тэмдэглэж ирсэн 1945 оноос хойш хамгийн их буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагч маргаашийн баярын парадад оролцоно. Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцоно. Гитлерийн Германыг бут цохиход оросын ард түмэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан арав гаруй орны цэргийн төлөөлөл Улаан талбайд хөл тавихын нэг нь Монгол цэргүүд байх юм. ОХУ-ын удирдагчид энэ баяраар цэргийн шинэ зэвсэглэлүүдээ олны өмнө ил гаргах гэж байна. Парадын бэлтгэлийг Москва хотноо шөнийн цагаар хийж байгаа бөгөөд энэ долоо хоногоос хөл тавих цэргийн цагсаалаас гадна цэргийн хүнд техникүүдийн үзүүлбэрийг сургуулилж эхэлжээ. Тавдугаар сарын 9-ний баярын жагсаалыг яг давтан бэлтгэж байгаа учраас "жинхэнэ” парадыг телевизээр биш "амьдаар” нь харах гэсэн москвачууд Улаан талбайд ихээр цугларч байгаа аж. Оросын цэргийн сүүлийн танк болох "Армата” олны анхаарлыг ихээр татаад байгаа бөгөөд харсан хүн бүр "үнэхээр сайхан амьтан юм” хэмээн шүүрс алдаж байгаа талаар Оросын хэвлэлүүд бичиж байна.

 

Путин уг нь энэ ялалтын баярыг Сочигийн өвлийн олимпийн тоглолтын нэгэн адил агуу Орос орны сүр хүчийг харуулах нэгэн боломж болгохоор зорьсон ч хүссэнээр нь болохгүй нь. Дэлхийн олон орны төрийн тэргүүн нарт ялалтын баярт оролцох урилгыг өнгөрсөн жил илгээсэн ч эцсийн мөчид гуч хүрэхгүй орны төрийн тэргүүн маргааш Улаан талбайд ялалтын парад үзнэ. АНУ болон Европын холбооны орнуудын ихэнх нь Кремлийн урилгаас эелдэгхэн татгалзсан ч үнэн хэрэгтээ Крым болон Украины асуудлаар ОХУ-ын барьж байгаа байр суурийг эсэргүүцсэн нь тодорхой. Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд хэн хэн очих талаар гадаадын хэвлэлүүд ихээхэн бичиж, анхаарал хандуулсан. Кремлийн зүгээс ч энэ асуултад хариулахад төвөгтэй байсан нь тодорхой. Ямар сайндаа л өнгөрсөн Мягмар гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Австрийн Гадаад хэргийн сайдтай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Энэ бол бидний баяр. Урилга бол цэргийн зарлан дуудах хуудас биш, хэрвээ хэн нэг нь бидний урилгыг хүлээн авах боломжгүй бол бид үүнийг ойлгож байна” хэмээн мэдэгдэж байхав. Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун-ыг Улаан талбайд зогсох хамгийн содон зочин байна гэж тооцоолж байсан ч эцсийн мөчид очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Манай урд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпин ялалтын баярт оролцохоор өчигдөр Бээжингээс мордсон байна. Тэрбээр ялалтын баярт оролцохоос гадна залгуулаад Казахстан, Беларусьт айлчлах юм. Ялалтын баярт оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Лхагва гаригт Москвад очсон билээ.

Үнэндээ хэн урилгыг хүлээн авч, хэн урилгаас татгалзав гэдгээр дэлхийд үүсээд байгаа улс төрийн шинэ нөхцөлийг ойлгож болох юм. 2005 онд тэмдэглэсэн ялалтын 60 жилийн ойгоор Их наймыг оролцуулаад дэлхийн 100 орчим улсын төлөөлөл Улаан талбайд цуглаж байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр ялалтын баярт Армян, Азербайджан, Беларусс, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк, Венесуэл, Вьетнам, ХБНГУ, Зимбабве, Куба, Македон, Монгол, Палестин, Словак, Босния и Герцеговин, Абхаз, Өмнөд Осет, Кипр, Серби, Чех улсуудын төрийн тэргүүн нар оролцоно. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова ирэх юм.

Крым болон Украины хэрэг явдлаас хойш ОХУ-ын баруун зүг дэх харилцаа холбоо хүйтэрч, улс төрийн болоод эдийн засгийн хувьд зүүн зүг рүү харилцаа зузаатгахаар зорьж байгаа. Энэ зүгт ОХУ-ын хамгийн том түнш бол Хятад. Өнгөрсөн жилээс ОХУ-БНХАУ-ын хооронд эдийн засгийн том том төслүүдийг хэрэгжүүлэх гэрээнүүдийг зурж, хэрэгжүүлэх шатандаа явж байгаа. Хятадын эрх баригчдаас дэвшүүлэн тавьсан "Нэг бүс-нэг зам” буюу эх газрын олон далайн торгоны замын агуу бүтээн байгуулалтад ОХУ-ын оролцоо ихээхэн байгааг дурдах хэрэгтэй.

ОХУ болон барууны орнуудын хооронд үүсээд байгаа хүйтэн дайн хэзээ төгсгөл болох нь одоогоор тодорхойгүй. Хэн хэн нь өөр өөрийн байр суурь байгаа бөгөөд өнгөрсөн жил авсан Оросын эсрэг хориг арга хэмжээ энэ оныг дуустал үргэлжлэх нь тодорхой байгаа.  

Н.ЗАМБАГА
Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Charlesfror 11 November 2015 19:12 178.57.209.45
Доброе утро, жители форума. Поделитесь опытом - может кто-то покупал шины и диски для машины в интернете? Где посоветуете купить?

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.