Унгар улс ЭСЯ-аа Улаанбаатарт нээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер гэргий Анита Херцегийн хамт айлчилж байна. Дөрөвдүгээр сарын 14-ны Мягмар гаригийн орой Улаанбаатар хотноо газардсан ноён Янош Адер Лхагва гаригт /2015.04.15/ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзаж, хэлэлцээ хийлээ. Энэ айлчлал нь Унгарын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монголд айлчилсан явдал болж байна. Харин Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Унгарт албан ёсны айлчлал хийсэн.

 

Айлчлалын үеэр хоёр улсын хооронд зарим салбарт хамтран ажиллах, тухайлбал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо. Социализмын үед Унгарын тусламжтайгаар байгуулагдаж байсан Улаанбаатарын Биокомбинатыг бүрэн шинэчлэхээр болсон байна. "Унгарын туслалцаатайгаар Сонгины Биокомбинатын үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлийн ажлыг ойрын жилүүдэд хийх боломжтой. Энэ ажлыг Унгар улсын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрээр хийнэ. Био үйлдвэрийг шинэчилснээр малын вакцинуудыг үйлдвэрлэх бүрэн боломжтой болохоос гадна Монголын мал аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад түлхэц болох юм. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Европын стандартыг нутагшуулах, олон улсын хэмжээний стандартыг бий болгоход чухал ач холбогдолтой"хэмээн Янош Адер сэтгүүлчдэд мэдээлсэн. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жилдээ 15 оюутан суралцдаг байсныг 100 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Мөнирэх тавдугаар сард Унгар улсЭлчин сайдын яамаа Улаанбаатарт нээхээр болсон байна. Улаанбаатар дахь ЭСЯ-аа Унгар улс 2006 онд хаагаад байсан юм.

Мөн өдөрУнгар улсын Ерөнхийлөгч Янош Адерт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бараалхлаа Ноён Янош Адер Монголд ирэхээсээ өмнө Сингапур, БНСУ-д айлчилсан. Айлчлал Пүрэв гаригт /2015.04.16/ өндөрлөнө.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.