Онгоц сүйрсэн шалтгаан тодорлоо

Онгоц сүйрсэн шалтгаан тодорлоо.

Францын нутагт осолдож, 150 хүний амийг авч одсон Germanwings /Lufthansa-гийн салбар/ агаарын компаний Airbus 320 онгоцны сүйрсэн шалтгаан тодрох шиг боллоо. Шинжээчдийн таамаглаж байсан шиг техникийн шалтгаан, террорист халдлага эсвэл нисэгчийн алдааны аль нь ч биш харин хэний ч төсөөлж байгаагүй 149 хүнийг хамтдаа авч одсон ганц нисгэгчийн амиа хорлолт байсан гэдэг дүгнэлтийг хар хайрцагны бичлэгийг тайлж уншсаны дараа хийлээ.


 

Францын эрлийн албаныхан ослын эхний өдөр осолдсон онгоцны хоёр хар хайрцагны нэг болох нисгэгчдийн хоорондохь яриа болон хөлгийн бүхээгт гарсан дуу чимээг бичиж авдаг CVR /Cockpit Voice Recorder/ хайрцагыг олж, Парис хот руу шинжлүүлэхээр илгээсэн билээ. Харин хоёр дахь хар хайрцаг болох нислэгийн бүх өгөгдөл /өндөр, хурд г.м/-ийг бүртгэж авдаг FDR /Flight Data Recorder/ хайрцагыг одоо болтол олоогүй байгаа юм. Мэдээж шатахуунгүй байхдаа 62500 кг жин татдаг А 320 онгоц уул мөргөн сүйрч хоёр га газар жижиг үртэс шиг бутран тархсан ийм төвөгтэй нөхцөлд хар хайрцагыг хайж олох нь тийм ч амар ажил биш болов уу.

Ер нь хар хайрцагны бичлэгийг тайлж унших хугацаа түүний хэр эвдэрч гэмтсэнээс хамааран өөр өөр байдаг. Эвдрэл багатай зарим бичлэгийг 48 цагийн дотор тайлж уншиж чаддаг бол зарим нь хэдэн долоо хоног, олон сар болох тохиолдол гардаг. Бүр "улс төр" орсон хар хайрцаг /Украинд сүйрдэг Малайзийн онгоц/-ны бичлэг огт тайлагдахгүй байж бас болно.

Яагаад ч юм энэ удаад Парисын мөрдөн шалгах алба тун шуурхай ажиллаж, хэдхэн цагийн дотор хар хайрцагны бичлэгээс хийсэн дүгнэлтээ танилцууллаа.

 

Бичлэг юу хэлсэн бэ ?

Тус хэргийг хариуцсан Францын Марсель хотын ерөнхий прокурор "нислэгийн эхэн үед хоёр нисгэгч хоорондоо энгийн байдлаар ойр зуурын зүйлс ярилцаж байсан бөгөөд удалгүй сандал ухарч, хойшлоход гардаг чимээ сонсогдсон, дараа нь хаалга онгойж, улмаар хаагдах чимээ гарсан. Үүнээс хойш хөлгийн бүхээгт онгоц сүйрэх хүртэл ямар ч дуу авиа гараагүй. Бүхээгээс гарч явсан нь хөлгийн ахмад нисгэгч, үлдсэн нь туслах нисгэгч байсан нь тогтоогдсон. Хөлгийн ахмад буцаж бүхээгтээ орохыг оролдсон боловч нөгөө нисгэгч нь хаалгаа онгойлгож өгөөгүй, улмаар онгоцыг санаатай доошлуулсан" хэмээн мэдэгдлээ. Ерөнхий прокурор туслах нисгэгч амиа хорлохын тулд тус онгоцыг сүйрүүлсэн байж болохыг үгүйсгэх аргагүй гэж хэллээ. Ингэхэд туслах нисгэгч хэн байсан бэ?

 

Залуу нисгэгч

Туслах нисгэгчийн нэрийг Andreas Lubitz гэдэг. Тэрээр 28 настай, герман үндэстэн, прокурорын хэлснээр "хэзээ ч терроризмтой холбогдож байгаагүй" бөгөөд Montabaur хотод эцэг, эхийн хамт амьдардаг бусдаас онц ялгарах намтаргүй энгийн нэгэн ажээ. Lufthansa-гийн удирдлагын мэдэгдсэнээр, Bremeхотод байрладаг тус компанийн сургалтын төвд нислэгийн дадлага хийсний дараа 2013 оны есдүгээр сард албан ёсоор гэрээ байгуулж, ажилд орсон бөгөөд нийт 630 цаг нисээд байжээ.

Харин Germanwings-ын захирал Carsten Spoh-ын хэлснээр "тэрээр нислэгийн дадлага хийж байхдаа нэлээд хэдэн сарын завсарлага авсны дараа дахин шалгалт өгөн тэнцэж, сургалтаа үргэлжлүүлсэн" ажээ. Энэ хэдэн сарын хугацаанд тэрээр юу хийж байсныг сонирхсон асуултад захирал хариу өгсөнгүй. Зарим сонины бичсэнээр "онгоцны үйлчлэгч хийж байсан" бололтой.

Түүнтэй хамт агаарын клубт хамт хичээллэдэг байсан Peter Rucker "Lubitz бол өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, аз жаргалтай, тайван, хэвийн залуу байсан. Би түүнийг ийм зүйл хийх чадвартай хүн гэж бодохгүй байна" гэж RTL сувагт ярилцлага өгсөн байна. Английн The Guardian сонинд "хөршүүд нь түүнийг тун нөхөрсөг залуу" хэмээн тодорхойлсныг онцолж тэмдэглэжээ. Lubitz нь гүйлтийн спортоор хичээллэдэг байсан бөгөөд 2011 онд Lufthansa-гийн зохион байгуулсан хагас марафонын тэмцээнд оролцож байжээ.

 

Хуягласан хаалга

Germanwings-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр "сүйрсэн онгоцны бүхээг хуягласан хаалгатай" байсан гээд "хаалганы хажууд видео камер байрлуулсан нь бүхээгт орохыг хүссэн хүнийг хэн бэ гэдгийг нь тогтоох зорилготой бөгөөд хаалгыг зөвхөн бүхээгт байгаа нисгэгч дотроос нь онгойлгох боломжтой" хэмээн мэдэгдлээ.

Нисгэгчийн бүхээгт зэвсэглэсэн этгээдийг оруулахгүй байх зорилготой иймэрхүү төрлийн аюулгүй байдлын арга хэмжээг 2001 оны есдүгээр сард АНУ-д болсон халдлагын дараа улам сайжруулсан юм. Гэхдээ олон улсын хэмжээнд стандарт болсон тийм аюулгүй байдлын арга хэмжээ гэж байдаггүй бөгөөд онгоц үйлдвэрлэгч болон агаарын компаниуд өөр өөрийн дотоод дүрмийг баримталдаг юм байна. Жишээ нь, зарим онгоцны бүхээгийг гаднаас нь нууц код хийгээд онгойлгож болдог бол зарим нь зөвхөн дотроосоо онгойдог, эсвэл тусгай багажаар хаалгыг хөшиж онгойлгодог г.м олон янз байдаг ажээ.

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.