Тавантолгойн гэрээг УИХ-аар шийднэ

Энэ долоо хоногийн Даваа гаригт /2015.04.06/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, дараа өдөр нь буюу Мягмар гаригт /2015.04.07/ үзэглэхээр төлөвлөж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 14 хоногоор хойшиллоо. Монголын "Энержи ресурс”, БНХАУ-ын "Шинхуа”, Японы "Сумитомо” компаниуд Өмнөговь аймгийн өмнө хэсэгт Монгол-Хятадын ойролцоо орших Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах тендерийн ялагчаар тодрон Монголын Засгийн газартай энэ оны нэгдүгээр 5-наас хэлэлцээр хийн, гэрээ зурах эцсийн шатандаа очоод байсан юм.

 

Хэлэлцээрийн явцад энэхүү гэрээг УИХ-аар оруулан хэлэлцүүлэх ёстой, ёсгүй гэсэн байр сууриуд зөрөлдөөд байсан. Даваа гаригт эхэлсэн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд энэхүү гэрээг УИХ-д оруулалгүйгээр үзэглэхийг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн онд долоон хувь руу унаж, гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд бараг зогсон, мөнгөгүй болоод байгаа Монголын эдийн засгийг аврах гарц нь Тавантолгойн төсөл хэрэгжих явц гэж олон хүн харж байгаа. Ноён спикерийн мэдэгдлийн дараа үйл явдал эрчтэй өрнөж, хэлэлцээрийг хариуцаж буй сайд М.Энхсайхан "УИХ-ын дарга хариуцлагагүй мэдэгдэл хийлээ” хэмээн хэвлэлийнхэнд хандсан. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг сайд М.Энхсайханыг байлцуулан хуралдсаны эцэст тохиолцоонд хүрсэнээ зарлалаа. Гэрээг УИХ-аар хэлэлцсэний дараа батална гэсэн тохиролцоонд хүрсэн байна. Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүсэлтээр энэ ажлыг УИХ 14 хоногийн дотор хийх юм. Гэрээний баримт бичгийг судлах ажлын хэсгийг УИХ-аас томилох юм.

Тавантолгойн хөрөнгө оруулагчид болох Хятадын "Шинхуа”, Японы "Сумитомо” компанийн төлөөлөгчид гэрээг үзэглэхээр Улаанбаатарт ирээд байсан ч нэгэнт асуудал ингэж шийдэгдсэн учраас буцацгаажээ. "Шинхуа”-гийн төлөөлөгчид ямар нэг үг хэлэлгүй буцсан бол "Сумитомо”-гийнхон сайд М.Энхсайхантай уулзаад буцлаа. "Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Японы Засгийн газар болон Сумитомо компанийн хувьд Тавантолгой төсөл бол маш чухал төсөл. Энэ оны хоёрдугаар сард болсон Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр  Сумитомо корпорацийн Ерөнхийхөлгч К.Накамура Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзаж Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан. Гэрээг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан” хэмээн "Сумитомо” корпорацийн Нүүрсний газрын захирал  Ишихара  Сүсүмү М.Энхсайхантай уулзах үеэрээ хэлжээ.

14 хоног гэж тооцвол дөрөвдүгээр сарын 20 гэхэд асуудал шийдэгдэх учиртай. Гэвч энэ хооронд байр суурь зөрчилдсөн хоёр тал нуусан сумаа тавих нь ойлгомжтой. Энэ тавьсан сум улс орны эрх ашгийг онилсон уу, хувь хүний эрх ашгийг гэдгийг ойрын өдрүүд харуулна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.