АТМ-ийн шимтгэлийг бууруулав

 

 

Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар АТМ машинаас мөнгө авах үед суутгаж байсан шимтгэлийн хэмжээг бууруулсан байна. Энэхүү тушаалаар арилжааны банкуудад мөрдөгдөж байсан "Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" өөрчлөгдөж байгаа юм. АТМ болон ПОБ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авахад шимтгэл нь 100 төгрөг байсныг энэ тушаалаар 40 төгрөг болгон бууруулж байгаа юм. Мөн дотоодын дансны үлдэгдэл шалгахад 10 төгрөг болжээ. Мөн их дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 300 төгрөг, бага дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээ дамжуулах цагаар 180 төгрөгийн шимтгэл авахаар болсон байна. 

 

Гэхдээ гуравдугаар сарын 25-ны өдөр гарсан Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал арилжааны банкуудад хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Банкууд тушаалыг хүлээж авснаас хойш дотоодынхоо дүрэм, журамд өөрчлөлт оруулснаар хэрэгжүүлэх ажээ.

 

Арилжааны банкнаас авч байгаа зээл болон АТМ машинаас мөнгө авахад шимтгэл төлж байгаа нь иргэдийг хохироож байна гэсэн гомдлын мөрөөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ Монголбанктай хамтран өнгөрсөн онд шалгалт хийсэн юм. Шалгалтаар зээлийн шимтгэлийн хувьд банкуудын зээлийн хүү харилцан адилгүй байгааг тогтоосон. Тухайлбал, "Хаан банк” нэг хувь, "Голомт банк” 0.5-1 хувийн хүүтэй байна. Гэхдээ зээлийн олон төрөл байгаа бөгөөд төрлөөсөө хамааран олон янз байгааг ШӨХТГ хэлж байсан. Шалгалтын дүнд зээлийн хүүгээс болон АТМ-ээр үйлчлүүлсэнийхээ төлөө иргэдээс шимтгэл авах ёсгүй хэмээн ШӨХТГ үзсэн. Харин арилжааны банкууд энэ шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэр банкуудын эсрэг гарсан юм. Арилжааны банкууд дараагийн шатанд давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.

 

Харин АТМ-ийн шимтгэлийн хувьд Монголбанк ийнхүү ШӨХТГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч хэмжээг нь буулгалаа. АТМ-ийн шимтгэлийн хувьд "Хаан банк” 500 төгрөг, "Голомт банк” 200-500 төгрөг, "Төрийн банк” 300 төгрөгийг иргэнээс суутгаж байсан юм. Харин "Кредит”, "Капитрон” банк шимтгэл авдаггүй байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.