“Рио Тинто”-гийн эцсийн бөгөөд хамгийн боломжит санал

"Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд нэг хоног саатаад буцлаа. Хагас сайн өдөр ирээд Ням гаригт буцсан Сэм Уолш Өмнөговь аймаг дахь "Оюутолгой” ХХК нэг сая дахь тонн зэсийн баяжмалаа экспортолсон баярт оролцохоор ирсэн юм. "Рио Тинто” компани "Оюутолгой” төсөлд "Turquoise Hill Resources” дахь хяналтын багцаараа дамжуулан 50.1%-ийг  эзэмшиж буй юм. "Turquoise Hill Resources” нь Оюутолгойн 66 хувийг, үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг юм.

 

 

Хэдийгээр ноён Уолш баярт оролцох гэж ирсэн ч хэвлэл мэдээллийнхэн түүний амнаас өөр мэдээллийг сонсохыг хүсч байлаа. Учир юу гэвэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто” болон тус төслийн 34 хувийг эзэмшиж байгаа Монголын Засгийн газар хооронд явагдаж байгаа төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн асуудал харилцан санал нэгдэхгүй байгаагаас зогсонги байдалд орсон үед ороод жил гаруй болж байгаа билээ. Хоёр дахь шатны санхүүжилт шийдэгдвэл Оюутолгойн уурхайн гүний олборлолтыг эхлүүлэх учиртай.

"Оюутолгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ.


Ноён Уолш Монголын цөөн хэвлэлд товч ярилцлага өгсөн бөгөөд "Рио Тинто” компанийн зүгээс Монголын Засгийн газарт хүргүүлээд байгаа саналуудаа "эцсийн бөгөөд хамгийн боломжит” хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Рио Тинто” компанийн зүгээс хэд хэдэн зүйл бүхий Харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Энэ санамж бичигт одоо тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг тусгасан гэж ноён Уолш онцолсон. Ойрын үед шийдвэрлэх ёстой хоёр гол асуудал бол хоёр дахь шатны санхүүжилтийн хэмжээг эцэслэн тохирох, мөн өнгөрсөн жил үүссэн татварын маргааныг эцэслэх юм. Хоёр дахь шатны санхүүжилтэд зургаан тэрбум ам.доллар шаардагдана гэсэн хөрөнгө оруулагчийн саналыг Монголын тал анхлан ярьсан хэмжээнээс хоёр тэрбумаар хэтэрсэн хэмээн үзсэн. Харин энэ амралтын өдрүүдээр Монголд ирээд буцсан ноён Уолш дөрвөн тэрбум ам.доллар хэмээн хэлсэн бөгөөд үүнийгээ эцсийн хэмээн тодотгосон. Харин татварын асуудал шийдэгдэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд очихыг үгүйсгэсэнгүй. 2014 оны хавар Монголын Татварын ерөнхий газар "Оюутолгой” ХХК-д 129 сая ам.долларын татварын торгууль ногдуулсан. Намар нь энэ торгуулийг 30 сая болгон бууруулсан юм.

Гүний олборлолтын санхүүжилтийн хэмжээг хоёр тал тохирч чадвал "Рио Тинто” компани төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт орох учиртай.

 

Сэм Уолш "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар 2013 оны нэгдүгээр сараас ажиллаж байна. Австралийн иргэн Сэм Уолш нь "Рио Тинто” компанийн удирдах зөвлөлийн багт 1991 оноос ажиллаж эхэлсэн  бөгөөд тус группт олон албан тушаалыг хашиж байсан нэгэн. Тэрбээр өмнө нь "Женерал Моторс”, "Ниссан  Австрали” зэрэг байгууллагад 20 гаруй жил ажиллаж байжээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.