Герман улс нацистуудын “ тавьсан өрийг “ төлөх үү?

Сүүлийн үед дэлхийн хоёрдугаар дайны үед Германы нацистуудын Грекийн ард түмэнд учруулсан хохирлыг барагдуулах тухай асуудал Герман болон Грекийн Засгийн газрын хооронд үл ойлголцох байдал бий болгоод байна.


Түүх сөхөж үзвэл, Грек болон Германы хоорондох өр ширийн асуудал хоёр хэсгээс бүрдэж байгаа юм. Эхний хэсэг нь яах аргагүй хоёрдугаар дайны үеэр Грекийн ард түмэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай асуудал билээ.

Дайнаас болж Грек улс тэр үеийн хүн амын найман хувь буюу 600 000 иргэнээ /үүнээс 300 000 нь өлсгөлөнгөөр үрэгдсэн/ алдсан байна.


Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан 1946 онд Парис хотноо нацистуудын учруулсан дайны хохирлын хэмжээг тогтоох хурал болсон байна. Хурлын үр дүнд Грек улс нийт хохирлын 4,35 хувь буюу тэр үеийн ханшаар бодвол долоон тэрбум ам.долларын нөхөн олговор авахаар болжээ. Үүний дараа Германы тал бага хэмжээний бэлэн бүтээгдэхүүн Грекийн талд нийлүүлсэн боловч долоон тэрбумын хаана нь ч хүрээгүй ажээ. Харамсалтай нь, дайны дараа Грекийн хаант засаг коммунистуудын эсрэг тэмцэлд орж, улс орон нь иргэний дайны хөлд автсан байна. Хаант засгийн талынхан англи-саксоны улсуудаас дэмжлэг авч байсан учраас Германаас өрөө нэхэж чадалгүй хугацаа алджээ.

Ингэж байтал 1953 онд Лондон хотод дахин хурал болж, Германы өрийн ихэнх хэсгийг /30 тэрбум ам.доллар/ цайруулж орхисон байна. Мэдээж, америкчууд коммунизмын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, ЗХУ-ыг сөрөн зогсохын тулд өр шир багатай, эдийн засгийн хувьд хөл дээр боссон тийм Герман улсыг байгуулахыг бодсон болов уу. Үүний золиосонд Грекийн өр явсан байна. Түүхийн энэ үйл явдал өнөөдрийн грекчүүдийн шаардаж байгаа өрийн асуудлын үндэс суурь нь болж байгаа юм. Хоёр системийн тулааны золиосонд Грек улс илүү ихийг алдаж, харин германчууд хожсон байна. Тийм ч учраас 1950-аад оноос эхлэн Германы эдийн засаг хурдан хугацаанд сэргэсэн байна. Үүнийг баталж Германы түүхч Ursula Rombeck-Jaschinski хэлэхдээ:

Хэрвээ 1953 онд дайны өрийг цайруулаагүй бол Германы эдийн засгийн сэргэлт хэдэн арван жилээр хойшлох байсан гэжээ. Эх сурвалж: Deutsche Welle


Грекчүүдийн нэхэж байгаа өрийн хоёр дахь хэсэг нь 1942 онд Грекийн төв банк нацистуудад хүчээр "зээлдүүлсэн" тус улсын алтны нөөцийн тухай асуудал юм. Тэр үед байгуулсан "гэрээгээр" нацистууд 476 сая reichsmark буюу 3,5 тэрбум ам.долларын зээлийг 0 хувийн хүүтэй авсан байна. Мэдээж, энэ зээл одоо болтол төлөгдөөгүй. 1953 оны Лондонгийн хурлаар энэ асуудлыг огтхон ч авч хэлэлцэлгүй, зүгээр л мартаж орхижээ.

Энэ "хүчингийн зээлийг" маргалдагч хоёр тал хүүтэй нь одоогийн ханшинд шилжүүлэн өөр өөрийн аргачиллаар бодсон байна.

Бундестагын шинжлэх ухааны комисс 2012 оны байдлаар 8,25 тэрбум евро болно гэсэн бол Грекийн тал 11-90 тэрбум евроны хооронд гэж боджээ. Der Spiegel

Хэрвээ Грекийн албан ёсны бус тооцоог үндэс болговол Герман улс өнөөдөр Грект 1000 тэрбум евроны өр төлөх ёстой болж байна. Энэ тооцоог Грекийн эсэргүүцлийн хөдөлгөөний ахмад дайчин, засгийн эрх баригч Сириза намын гишүүн, 88 настай Manolis Glezos хэсэг нөхдийн хамт бодож гаргажээ. Тэдний арга нь: 1946 оны дайны хохирол болох 7 тэрбум ам.долларын инфляцийг 2012 онтой харьцуулж бодвол 108 тэрбум евро болно. Үүн дээр нацистуудад зээлдүүлсэн 3,5 тэрбум ам.долларыг одоогийн ханшид шилжүүлбэл 54 тэрбум евро болох бөгөөд 3 хувийн хүүг нэмж бодвол нийт 1000 тэрбум еврод хүрнэ хэмээн тооцоолжээ.

Харин Грекийн ерөнхий сайд А.Ципрас германчуудаас 160 тэрбум евроны өрийг нэхэж байгаа юм. Энэ тоо нь өнөөдрийн Грекийн нийт өрийн яг тал хувьтай нь тэнцэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Грекийн нийт гадаад өр 320 тэрбум евро буюу ДНБ-ийх нь 177 хувьтай тэнцэж байгаа юм. Грек улсын иргэн бүр 30 000 евроны өртэй гэсэн үг.


Өнөөгийн Германы Засгийн газар, 1946 онд тусгаар тогтносон Герман улс гэж байгаагүй, ердөө л дөрвөн их гүрний эзэмшлийн бүс байсан, ХБНГУ 1949 онд байгуулагдсан учраас үүнээс өмнөх  өр, зээлийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, 1953 оны Лондонгийн хурлаар шийдсэнээс өмнөх өрийн асуудал бидэнд хамаагүй гэж үзэж байгаа юм. Мөн 1990 онд хоёр Герман улс нэгдэхэд тэр үеийн ЗХУ, АНУ, Англи болон Франц дөрвөн гүрэн дайны нөхөн төлбөрийн асуудлыг бүрмөсөн тэглэж, гэрээнд гарын үсэг зурсан гэсэн баримтыг сөргүүлж байгаа билээ.

Харин грекчүүд, бидний нэрийн өмнөөс хэн ч хэлэлцээр хийж, гарын үсэг зурах ёсгүй, бид германчуудаас авах өрөө одоо болтол цайруулаагүй, тийм боломж ч бидэнд байхгүй гэсэн байр сууриасаа хөдлөхгүй байгаа юм.

Германы ерөнхийлөгч Joachim Gauck өрийн талаар тавьсан Грекийн төрийн тэргүүний асуултанд хариулахдаа: Өрийн асуудал " хууль зүйн хувьд хүчингүй болсон "


Тэгээд ч Сириза намын сонгуульд ялалт байгуулахын тулд өгсөн чухал амлалтын нэг нь Германы банкуудаас авсан зээлийг хоёрдугаар дайны нөхөн төлбөрөөр цайруулж, хямралыг зогсооно гэсэн амлалт байсан юм.

Энэ тэмцэлд хэн нь дийлэхийг хэлэхэд төвөгтэй ч өнөөдрийн хувьд Герман улс эдийн засгийн хувьд илүү хүчирхэг байгаа, гэхдээ үүнд грекчүүд хангалттай хувь нэмэр оруулсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.

 

 

 

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.