Польшийн тал оросын хоёр иргэнд хэрэг үүсгэлээ

Польшийн шүүх 2010 онд ОХУ-ын Смоленск хотод сүйрсэн Польшийн ерөнхийлөгчийн онгоцны ослын хэргийг дахин сөхлөө.


Польшийн Ерөнхийлөгчийн сууж явсан ТУ154М онгоц 2010 онд ОХУ-ын Смоленск хотын нисэх буудлаас холгүй осолдсоны улмаас Польшийн төрийн тэргүүн Лех Качински, түүний эхнэр болон Ерөнхийлөгчийг дагалдан явсан Польшийн нийгэм, улс төр болон цэргийн томоохон зүтгэлтнүүд нийт 97 хүн амиа алдсан билээ. Тэд Смоленск хотын ойролцоох Катынийн ойд дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын дотоодыг хамгаалахын цэргүүдийн гарт амь үрэгдсэн Польшийн олон мянган цэргийн олзлогсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцох ёстой байсан юм. Энэ ослын дараа Орос-Польшийн хамтарсан хэргийг мөрдөн шалгах комисс байгуулагдаж, "Манантай байгаа учраас өөр онгоцны буудалд буухыг санал болгосон Оросын талын хүсэлтийг үл ойшоон газардах оролдлого хийсний улмаас осолдсон" гэдэг дүгнэлтэнд хүрсэн билээ.

Гэхдээ онгоц сүйрсэн шалтгааныг нисэгчийн алдаа бус, харин Оросуудын санаатай зохион байгуулсан аллага гэж үзэх хандлага одоог хүртэл Польшийн нийгэмд хэвээр байгаа юм. Ялангуяа Польшийн Консерватив намын тэргүүн, амь үрэгдсэн Ерөнхийлөгчийн ихэр Ярослав Качински энэ ослыг оросуудын хуйвалдаан байсан гэж үзсээр байгаа билээ.

Энэ ослын шарх аньж дуусаагүй байхад, Украины хямрал эхэлж, үүний улмаас Орос-Польшийн харилцаа тун таагүй, зарим талаар дайсагнасан гэж болохоор нөхцөлд байгаа билээ.

Гэтэл энэ сарын 27-нд Польшийн цэргийн прокурорын газар ослын үед нислэгийн хөдөлгөөнийг зохицуулж байсан Оросын хоёр хянагчид эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаа зарлалаа. Ерөнхий прокурор Ireneusz Szlag-ын хэлснээр, хоёр хянагчийн нэгийг "онгоц осолдох нөхцөлийг санаатай бий болгосон", нөгөөг нь "онгоц осолдох нөхцөлийг бий болгоход санамсаргүй оролцсон" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэснээ мэдэгдээд, хэрвээ энэ нь батлагдвал найман жил хүртэл шоронд хоригдож болохыг санууллаа.  

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.