Австрали улс хятадын банктай хамтарч ажиллахаар боллоо.

Австралийн ерөнхий сайд Тони Эботт америкчуудын дарамт шахалтыг үл хайхран Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд / AIIB / нэгдэн орохыг дэмжлээ.


Хэдий албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч Бээжингээс эх үүсвэртэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэхийг австралийн ерөнхий сайд дэмжлээ. АНУ-тай тогтоосон улс төр, эдийн засаг болон соёлын уламжлалт, нягт харилцаа холбоог үл хайхран, хятадын санаачилсан төсөлд оролцохгүй байхыг өөрийн түншүүдээс шаардсан америкийн тулгалтаас зөрөн дээрх төсөлд нэгдэхээ австрали улс илэрхийллээ.

Мэдээж америкчуудын нөлөөнд авталгүй тус шийдвэрийг гаргасан нь австрали улсад хятадтай харилцах эдийн засгийн ашиг сонирхол ямар ач холбогдолтойг харуулсан тод илэрхийлэл боллоо. Хятад руу гаргах ашигт малтмалын экспорт нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг тооцоолсон австраличууд Вашингтоны бодлогоос " урвасан " гэхээс илүүтэй олон улсын бодит байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн алхам хийв үү гэлтэй.  

Америкчуудын айдас

Хятадуудын санаачилсан, гишүүнчлэл нь нээлттэй хөрөнгө оруулалтын банк байгуулах болсон тухай мэдээ цацагдсан эхний өдөр Вашингтон тус төслийг эсэргүүцэж буйгаа шууд илэрхийлсэн билээ.

Шинэ банкны үйл ажиллагаа Бээжингийн гадаад бодлогын хэрэгсэл  биш, харин цэвэр эдийн засгийн зорилгод чиглэсэн байх ёстой. Wall Street Journal. Цагаан ордны нэрээ нууцалсан эх сурвалж.

 

Нөгөө талаас, америкчууд өөрийнх нь нөлөөнд байдаг Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас дутахгүй хүчтэй, нөлөөтэй өрсөлдөгч гарч ирэх вий гэдгээс болгоомжилсон хэрэг болов уу. .

Бээжингээс санаачилсан энэ төсөл нь гишүүн орнуудын нийгэм-эдийн засгийн асуудлыг гүнзгийрүүлэх...хятадын үйлдвэрүүдэд санхүүгийн давуу тал олгох...үйл ажиллагаанд нь ил тод байдал дутагдах...хятадын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх...хүний эрхийг хөсөрдүүлэх эрсдэлтэй. Wall Street Journal.

 

Тийм учраас АНУ өөрийн уламжлалт түншүүддээ анхааруулах, дарамтлахын завсар нөлөөлөхөөр оролдож байгаа ч англи улс аль хэдийн гишүүн болох хүсэлтээ гаргасан төдийгүй, Европын холбооны томоохон эдийн засаг бүхий герман, франц болон итали улсууд энэ төслийг ихээхэн сонирхож буйгаа илэрхийлээд байна. Улмаар люксэнбург болон швейцар улсууд тус төсөлд нэгдэх хүсэлтээ тавихаар шийдсэнээ зарлалаа.

Нээлттэй хаалганы бодлого үргэлжилсээр

Дэлхийн эдийн засгийн хүндийн төв ази-номхон далайн бүс рүү чиглэж байгааг соргогоор ажсан хятадууд азийн дэд бүтцийн салбарыг санхүүжүүлэх зорилгоор дээрх банкийг санаачлан байгуулсан билээ. Энэ төсөл нь зөвхөн дэд бүтцээр зогсохгүй, тээвэр болон энергийн салбар, харилцаа холбоо, хотжилт, хөдөө аж ахуй гэсэн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Мөн ази болон европыг холбох торгоны зам, торгоны усан замын төсөлтэй энэ банкны бодлого шууд холбогдож байгаа билээ.

2025 гэхэд дэлхийн бүтээн байгуулалтын төслийн 60 хувь нь ази тивд явагдах бөгөөд тэр үед 5 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Pricewaterhouse Coopers групп.

  

Тус банкны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жин Ликун энэ сарын 22-нд " өнөөдрийн байдлаар 35 улс тус байгууллагын үндэслэгч-гишүүн болохоор нэрээ дэвшүүлээд байна " гэж мэдэгдлээ. Тэрээр цааш нь " хөрөнгө оруулагчдыг зөвшөөрвөл үндсэн хөрөнгө болох 100 тэрбум ам.долларыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой " гэж хэллээ.  

Герман улс тавтай морил, Францчууд, италичууд ч адилхан тавтай морил. Бидний төсөл сонирхсон улс болгонд нээлттэй. Вашингтон, та нар юу хүлээнэ вэ ? Синьхуа агентлаг. 2015.03.18

 

Гишүүн болох хүсэлтийг хүлээн авах хугацаа энэ сарын 31-нд дуусгавар болж байгаа юм.

 

 

 

 


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.