Уран гулгалтын дэлхийн аварга эхэллээ

БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 23 наас 29-н хүртэл үргэлжлэх уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Хятад улс анх удаа энэ төрлийн тэмцээнийг нутаг дээрээ зохион байгуулж байгаа билээ.

 

Өнөөдрийн байдлаар хос бүжгийн богино үзүүлбэр явагдаж дуусаад байна. Богино үзүүлбэрийн дүнг харвал канадын гурван хос, америк болон оросын хоёр хос, франц, итали болон данийн нэг хос эхний 10 байрт орсон байгаа бөгөөд жагсаалтыг америкийн хос Медисон Чок / Еван Бэйтэс нар 74,47 оноотой тэргүүлж байгаа юм. Эдгээр хосуудын хэн нь медалийн тавцанд зогсох нь баасан гаригт болох бүжгийн чөлөөт үзүүлбэрийн дараа нийлбэр дүнгээр шийдэгдэнэ.

Эрэгтэйчүүдийн төрөлд 2014 оны дэлхийн аварга, Сочигийн олимпийн алтан медальт, японы уран гулгагч Юзуру Ханью цолоо хадгалж үлдэх болов уу гэсэн таамаглал энэ спортыг сонирхогчдын дунд түгээмэл байна. Гэхдээ Юзуру Ханью өнгөрсөн оны 12 сард болсон уран гулгалтын Их дуулгын үеэр бие халаалт хийж байгаад өөр тамирчинтай мөргөлдсөний улмаас бэртэл авч мэс засал хийлгэхэд хүрснийг мартаж болохгүй. Нөгөө талаас энэ тэмцээнд европын гурван удаагийн аварга, испаний тамирчин Хавьер Фернандез, Сочигийн олимпийн хүрэл медальт, казакстаны тамирчин Дэнис Тэн нар оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгох магадлалтай.

Энэ удаагийн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн төрөлд Сочигийн олимпийн аварга, оросын тамирчин Аделина Сотникова болон түүний хүчтэй өрсөлдөгч японы Мао Асадо нар оролцохгүй өнжихөөр шийдсэн байна.

Медалийн төлөөх гол өрсөлдөөн оросын тамирчид, тухайлбал Елизавета Туктамышева, Елена Радионова болон Анна Погорилая нарын дунд өрнөх болов уу. Энэ гурван тамирчин саяхан болж өнгөрсөн европын аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байрыг хуваан эзэлсэн билээ. Гэхдээ америкийн уран гулгагчид Греси Голд болон Ашле Вагнер гэсэн хүчтэй өрсөлдөгчдийн медаль авах боломжийг үгүйсгэх аргагүй.

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.