Учир битүүлэг онгоцны сүйрэл үргэлжилсээр

Өчигдөр /2015.03.24/ Монголын цагаар 17.50-д Германы хямд үнэтэй нислэг үйлддэг Germanwings /Lufthansa-гийн салбар/ агаарын компанийн Airbus 320 онгоц Францын зүүн өмнөд хэсэгт, Альпийн нуруунд осолдож, хөлгийн бүх гишүүн болон зорчигчид нийт 150 хүн амь үрэгдсэн байна.

 

 

Испанийн Барселон хотоос хөөрч Францын нутгаар дайран Германы Дюссельдорф хотод буух ёстой байсан нислэгийн зорчигчид нь голдуу Герман, Испани болон Турк улсын иргэд байжээ. Албан ёсоор нотлогдоогүй байгаа ч ослоос амьд үлдсэн хүн байхгүй хэмээн ослын газарт шуурхай очсон Францын аврах албаныхан мэдэгдэж байна. Ослын газарт ажиллаж байгаа эрлийн баг онгоцны хоёр хар хайрцагны нэгийг олсон байна.

 

 

Уг нь Шведийн хөлбөмбөгийн Dalkurd FF баг /ихэвчлэн курд цагаачдаас бүрдсэн/ энэ нислэгээр зорчих ёстой байсан ч Дюссельдорф хотод буугаад дараагийн нислэг хүлээх хугацаа нь урт байна" гэсэн шалтгаанаар сүүлийн мөчид нислэгээ цуцалсан байна.

 

Францын иргэний нислэгийг хянах төвөөс өгсөн мэдээллийн дагуу сүйрсэн онгоц өндрөө авсаны дараахан радараас алга болох хүртэл нислэгийг үзүүлсэн IDE агентлагийн зургийг танилцуулж байна.

 

Сүйрсэн онгоцны маршрутыг харуулсан зургийг тайлбарлавал, өчигдөр Монголын цагаар 17.01 минутад Барселон хотоос хөөрсөн онгоц ойролцоогоор 25 минутийн дотор өндрөө авч нислэгийн замдаа орсон ч зургаан минутийн дараа буюу 17.32 минутаас өндрөө гэнэт алдаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлэн 17.41 минут хүртэл буюу ердөө л есөн минутийн хугацаанд 9 500 метрээс өндөр алдаж, иргэний нислэгийг хянах радараас алга болжээ. Үүний дараа Францын иргэний нислэгийг хянан зохицуулах газар онгоц осолдсон байж болохыг мэдээлсэн байна.

 

 

Сүйрсэн онгоцонд Дюссельдорф хотын ойролцоо орших Haltern Am See хэмээх жижигхэн хотын дунд сургуулийн 16 сурагч, хоёр багшийн хамт зорчиж явжээ. Тэд испанид хэлний дадлага хийгээд буцаж явсан байна.

 

Онгоц осолдсон байж болох тодорхой шалтгааныг одоогоор хэлэхэд эрт байгаа ч шинжээчид дараах таамгуудыг дэвшүүлж байна.

 

Террорист халдлага. "Онгоцны ослоос үлдсэн хэсгүүд тархай бутархай биш, харин нэг бүсэд төвлөрсөн байна. Тэгэхээр агаарт дэлбэлсэн гэх магадлал бага. Гэхдээ бид онгоцыг хөлгийн гишүүн бус хэн нэгэн жолоодож, санаатай уул мөргүүлсэн байхыг үгүйсгэхгүй" хэмээн Францын дотоод хэргийн сайд Б.Казнөв мэдэгдлээ.

 

Техникийн шалтгаан. Сүйрсэн А320 онгоц нь 1988 оноос ашиглалтад орсон бөгөөд ойрын болон дундын зайд нислэг үйлдэх боломжтой онгоц юм. Иймд шинжээчид онгоцны техникийн хуучралт осолд хүргэсэн байж болохыг үгүйсгэхгүй байна. Энэ талаар Germanwings компанийн захирал хэлэхдээ "2013 онд тус онгоц нь бүрэн хэмжээний техникийн үзлэгт орсон", "гэхдээ онгоц сүйрэхэд бидэнд мэдэгдээгүй ямар нэгэн техникийн шалтгаан нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй" гэж хэллээ.

 

Нисгэгчийн алдаа. Онгоц осолд орох аюул нүүрлэсэн үед нисгэгч газраас агаарын хөдөлгөөнийг хянах төвд ослын дохио илгээх үүрэгтэй. Гэтэл тус онгоцноос "mayday" буюу "болохоо байлаа" гэсэн дохиог газарт өгөөгүй байна. /Зарим шинжээч онгоцонд үл мэдэгдэх шалтгаанаар нүх гаргаж, агаарын даралт буурснаас нисэгчид хүчилтөрөгчийн дутагдалд орж, ухаан алдсан байж болохыг үгүйсгэхгүй байгаа /

Өнөөдөр ослын газар Герман, Испани болон Францын Засгийн газрын тэргүүн нар хүрэлцэн очихоор тохиролцсон байна.

 

 

 

 

 

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.