Украинд олигархуудын дайн эхэллээ

Болох ёстой байсан юм боллоо. Украины хямралын хоёр дахь үе шатны эхлэл тавигдлаа. Киевын засгийн газар зүүн нутгийн босогчидтой тооцоо бодож дуусаагүй байтал Украины олигархуудын хооронд эдийн засгийн эрх ашгийн төлөө шинэ дайн эхэллээ.

 

 

 

Жил гаруйн өмнө Киевийн төв талбай Майданд цугларсан украинчууд улс орноо хөгжүүлэх, авлигалыг эгнэгт устгах, Украины эдийн засгийг хувааж эзэмшсэн олигархуудтай тэмцэх, ЕХ болон НАТО-д элсэх гээд хийж барамгүй их зорилтыг тавин тэр үеийн ерөнхийлөгч, Оросын талыг баримтлагч хэмээн сэжиглэгдсэн В.Януковичийн эсрэг нэгдэн боссон. Улмаар ерөнхийлөгчөө түлхэн унагааж, шинэ дэглэм тогтоож чадсан нь саяхан.

Гэтэл өдий хугацаа өнгөрөхөд Украины нийгэмд олигтой ахиц дэвшил гарсангүй, харин чамгүй олон өөрчлөлт өрнөлөө. Украины нийгмийг бараг хувааж авсан олигархууд "амьд сэрүүн" төдийгүй, бүр илүү хөрөнгөжиж, хоорондоо эзэмшлийн бүс, орлогын эх үүсвэрээ булаалдан бие биедээ дайн зарлахад хүрээд байна. Үүний тод жишээ нь, саяхан Украины томоохон олигархи, Днепропетровск мужийн захирагч Коломойский өөрийн бичил армийг дагуулан Киевт байрлах төрийн өмчит "Укртранснафта" компанийн төв байрыг эзлэн авсан явдал юм. Үүний өмнө тус компанийн захирлыг /Коломойскийн талын хүн/ Украины ерөнхийлөгч Порощенко огцруулж, өөрийн талын хүнийг оронд нь томилсон билээ. Үүнд эгдүүцсэн Коломойский өөрийгөө хэн гэдгийг, миний эрх ашиг чинийхээс дутахгүй гэдгээ Порощенкод харуулах зорилгоор ийм үйлдэл хийх шиг боллоо.

Ер нь Порощенкогийн төрүүн тэргүүн гэсэн албан ёсны статусыг нь эс тооцвол энэхүү хоёр олигархид ижил тал олон бий. Хоёулаа баян, хоёулаа өөрийн гэсэн армитай, хоёулаа үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй, гэхдээ тус тусын эзэмшлийн бүс, тодорхой дэмжигчидтэй.

Гэхдээ асуудлын гол нь тус улсын компанийн захирлын цалинд бус, харин захирлын нефтийн үнийг тохиролцох эрх, түүнээс унагах их хэмжээний ашигт байгаа болов уу. Коломойскийн талын хүн энэхүү суудалд очвол түүний хөрөнгө нэмэгдэнэ, хэрвээ Порощеникогийн мэдлийн хүн захирал болвол түүний халаас зузаарна. Ердөө л энэ.

Одоогийн байдлаар эдгээр олигархийн тэмцэл цаашид хэрхэн өрнөхийг хэлэхэд эрт байна. Ямар ч гэсэн зүүн нутгийн босогчид болон төв Засгийн газрын цэргүүдийн хооронд бүрмөсөн гал зогсоож, дурын хүн улсын компанид зэвсэглэн халдахаа зогсоохгүй бол дахин тулаан эхэлж, хямрал илүү өргөн цар хүрээтэй, илүү их цус асгаруулсан шинжтэй болох магадлал бий.  

 

 

 


 

 

 

 

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.