Ашигт малтмалын 24 зөвшөөрлийг олгоод байна

Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг хориглоод таван жил болсоны эцэст энэ оны нэгдүгээр сарын 26-наас олгож эхлээд байгаа билээ. Ингэхдээ тусгай зөвшөөрлийг шинэ цахим хэлбэрээр олгож байгаа юм. 
Ашигт малтмалын газрын (АМГ) дарга Д.Үүрийнтуяагийн хэлснээр нэгдүгээр сарын 26-наас өнөөдрийг хүртэл 24 тусгай зөвшөөрлийг олгоод байна. Цахим бүртгэлд хамрагдахын тулд аж ахуйн нэгжүүд VPN гэсэн төхөөрөмж худалдан авах шаардлагатай байгаа юм. Тусгай зөвшөөрөл олгож эхэлсэнээс хойш 676 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авсан бөгөөд энэ сарын 13-ны байдлаар 268 нь системд нэвтрэх эрхээ сунгуулан цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон. Аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын ордод хайгуул хийх болон ашиглах 407 өргөдлийг АМГ хянан үзээд 24 тусгай зөвшөөрлийг олгожээ. Мөн 219 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн. Үүнээс гадна 78 талбайд санал авах мэдэгдэл хүргүүлэхээр АМГ-ын Кадастрын хэлтэст хянагдаж байна.
Д.Үүрийнтуяагийн хэлснээр АМГ-ын Кадастрын газраас "олгох боломжтой” гэсэн хариу гарсан талбайд орон нутгийн удирдлагууд татгалзсан хариу ирүүлэх нь цөөнгүй байгаа аж.
Таван жил олгогдоогүй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд олон байснаас цахим бүртгэл эхэлсэн эхний хэдэн өдөр ачаалал хэт ихэсч бүртгэл тасалдсан тохиолдол гарч байсан юм. Мөн нөөц сайтай, хөгжүүлэх ирээдүйтэй байж болох ордуудад газарт өргөдөл гаргагчдын өрсөлдөөн их байсан нь нөлөөлсөнийг АМГ-ын дарга хэлээд техникийн хүндрэлүүдийг ерөнхийд нь шийдэж дууссан гэлээ. Ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс долоо хоногт 120 өргөдөл хүлээн авахаар зохицуулаад байгаа юм. 
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон байх хугацаанд АМГ 2011-2012 онд 106 зөвшөөрлийг хууль зөрчин олгосон байсныг шүүхийн шийдвэрээр цуцалсан. Цуцлагдсан энэхүү 106 зөвшөөрлийг Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын замаар олгох журмыг баталсан. Уг журмын дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулаад байгааг Д.Үүрийнтуяа хэлсэн байна. Түүний хэлснээр сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзэж байгаа 88 талбайн давхцалгүй 45 талбайгаас 39 талбайд, давхцалтай 43 талбайгаас 11 талбайн давхцалыг нь арилгуулан  босго үнийг баталгаажуулан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 (11 нь талбайн тусгай зөвшөөрөл олгох ажил одоо явагдаж байгаа) талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.