Ч.Сайханбилэгийн 100 хоног


-Ерөнхий сайдаар томилогдонгуутаа хийсэн мэдэгдэлдээ Ч.Сайханбилэг юун түрүүн эдийн  засгийн  хүндрэлийг даван туулах зорилт тавьсан бөгөөд үүний нэгээхэн чухал хэсэг нь уул уурхайн том төслүүдээ гацаанаас гаргах хэмээн томъёолж байсан билээ-

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаж эхлээд 100 хонож байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь 2012 оны сонгуулийн дүнд бүрэлдэн бий болсон парламентын хоёр дахь Засгийн газар юм. 
2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Засгийн газрыг байгуулах эрхийг гартаа авч, МАХН, МҮАН-ын "Шударга ёс эвсэл”-ийн бүлэг, ИЗНН-тай хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар Засгийн газар танхимаараа огцорсон билээ.  Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлж, УИХ арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг томилж байв. Харин  танхимын 18  сайдыг УИХ 2014 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө томилж, танхимаа бүрдүүлсэн юм. Энэ өдрөөс хойш бүтэн улирал гаран буюу 100 хоног өнгөрчээ.  
Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь улс орны эдийн засаг тун ээдрээтэй байх үед ажиллаж байгаа Засгийн газар. Ерөнхий сайдаар томилогдонгуутаа хийсэн мэдэгдэлдээ Ч.Сайханбилэг юун түрүүн эдийн  засгийн  хүндрэлийг даван туулах зорилт тавьсан бөгөөд үүний нэгээхэн чухал хэсэг нь уул уурхайн том төслүүдээ гацаанаас гаргах хэмээн томъёолж байсан билээ.
Гэсэн ч өнөөдрийн байдлаар Ч.Сайханбилэгийн амлалтаас биелсэн зүйл ховор байна. Төрийн зарлагад хэмнэлтийн горимыг нэвтрүүлэх, хавтгайрсан нийгмийн халамжийг багасгахаар энэ оны төсөвтөө тусгайн оруулж ирсэн ч парламент хүссэн хэмжээгээр нь баталж өгөөгүй. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээлснээр төлбөрийн тэнцлийн алдагдал болох 1.4 тэрбум ам.доллар, төсвийн алдагдал болох  1.2 их наяд төгрөг болоод байгаа бөгөөд эхний ээлжинд энэ хоёр алдагдлыг бууруулах,  төлбөрийн тэнцлийн алдагдлыг балансжуулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт болоод байгаа юм. Засгийн газар өнөөдрийн байдлаар гурван их наяд төгрөгийг дотоод бондоосоо зарцуулжээ. Энэ мөнгө нийт арилжааны банкуудад эргэлдэж байгаа зээлийн 25 хувь. Төсвийн алдагдлыг бууруулахаар Засгийн газар гаднын санхүүгийн байгууллагад хандаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дотоод бонд гэхээсээ илүү бага хүүтэй, урт хугацаатай зээлийг гаднаас авч, эдийн засгаа тогтворжуулахыг чармайж байна. Гэсэн ч Монголын Засгийн газрын санхүүгийн үнэлэмж гадаад талдаа буурсаар байгаа энэ үед Ч.Сайханбилэгийн чармайлт талаар болох магадлалтай.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэлдэх үед дуулдаж байсан Тавантолгойн төслийн ажил урагш муутай байна. Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулахаар шалгарсан БНХАУ-ын "Шэнхуа Энержи”, Японы "Сумитомо” корпораци, Монголын "Энержи ресурс” ХХК Засгийн газартай хэлэлцээ хийж буй ч хэлэлцээ эхэлж байх үеийн өөдрөг дүр зураг замхарсаар байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ихээхэн дэм өгөх уул уурхайн нөгөө нэг төсөл болох Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт мөн урагшлахгүй байсаар байна. 
100 хоногт гарсан ганц сайхан мэдээ нь Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан явдал байлаа. Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайдын хувиар хийсэн анхны гадаад айлчлал нь хоёрдугаар сарын эхээр Японд хийсэн айлчлал бөгөөд энэ үеэр энэхүү хэлэлцээрийг байгуулахаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абетай тохиролцсон явдал байлаа. Монгол Улсын парламент хэлэлцээрийг соёрхон батлаад байгаа бөгөөд одоо Япон парламент соёрхох учиртай. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимүзүгийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд Япон улс энэ хэлэлцээрийг энэ зун долдугаар сар орчим соёрхох юм. Гэсэн ч хэлэлцээр баталгаажлаа өнөөдөр Монголын эдийн засагт шууд үр өгөөжөө өгч эхлэхгүй.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.