Коронавирусийн халдвар дэлхийн олон улс оронд, тэр дундаа ШХАБ-ын гишүүн орнуудад ч өндөр түвшинд тархсан нь уулзалтын товыг хойшлуулах шалтгаан болж байгаа юм. Одоогоор хугацааг тодорхойлоход төвөгтэй байгаа бөгөөд намар хавьцаа байх төлөвтэй байгаа ажээ.
Нөхцөл байдалтай уялдан олон улсыг хамарсан арга хэмжээг онлайнаар хийх хэлбэрийг дэлхийн улс орнууд ашиглаж байгаа. Гэхдээ онлайн хурлын хэлбэрийг ШХАБ-ын хүрээнд хэрэглэх боломж бараг байхгүй хэмээн уг эх сурвалж хэлжээ. "Онлайн хурал хийх асуудлаар хангалттай харилцан ойлголт байхгүй” хэмээн эх сурвалж хэлжээ.
ШХАБ-ын дүрэм ёсоор үндсэн гишүүн орнууд жил бүр ээлжлэн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулдаг. Энэ жил энэ үүрэг ОХУ-д ногдож байгаа юм. ОХУ энэ үүргээ хүлээн авахдаа уулзалтыг Челябинск хотноо зохион байгуулна гэж мэдэгдсэн. Гэвч Челябинск хот бэлтгэл ажлыг цалгардуулсан учраас шийдвэрийг өөрчлөн Санкт-Петербург хотод зохион байгуулахаар энэ 2020 оны хоёрдугаар сард шийдвэрлэсэн юм.