COVID-19: Наадмын дараагаас төгрөгийн ханш 40% унана

Азийн хөгжлийн банк Covid-19 цар тахлын дэлхийн эдийн засагт учруулах хор хохирол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь буюу 8.8 их наяд ам.доллар хүрч магадгүй хэмээн тооцоолоод буй. Монгол улсын хувьд энэ байдал бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж, 46 мянган иргэн ажилгүй болоод байгаа билээ.

Цаашид нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй учир МҮХАҮТ ажлын байрыг хадгалахад төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг сануулсаар буй юм. Тус байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 10 мянган хүний дунд судалгаа явуулсан. Хөл хорио судалгаанд оролцогсдын 73 хувийнх нь орлогод маш их нөлөөлсөн, 21 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэжээ.

МҮХАҮТ-аас тооцоолсноор, эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол ажилгүйдэл 20 хувьд хүрэхээр байгаа бөгөөд энэ нь 240 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, 28 хувьтай байгаа ядуурлын түвшин 50 хувьд хүрнэ гэсэн үг юм. Эдийн засгийг хамгаалах, ядуурлыг бууруулахын тулд хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэйг эдийн засагчид өгүүлж байна.

Бид цар тахлын "шок”-ийн улмаас ирээдүйд биднийг юу хүлээж буй талаар эдийн засагч Б.Лхагважав, Ч.Отгочулуу нарын байр суурийг сонирхлоо.


Б.ЛХАГВАЖАВ: НААДМААС ХОЙШ МӨНГӨНИЙ ХАНШ 40 ХУВЬ УНАНА


-Цар тахлын нөлөө манай эдийн засагт хэр хохиролтой тусахаар байна вэ? 

-Мэдээж цар тахлын улмаас эдийн засаг, санхүү, бизнес муудах тул тусгай комисс байгуулж, эрүүл мэнд, эдийн засгийн онцгой комисс байгуулж ажиллах хэрэгтэй. Манай мөнгө, санхүү, улсын төсөв, даатгалын бодлого яг төвлөрч хийгдэж чадаагүй. Даатгал маш чухал шүү. Тал талаас жаахан жаахан юм хийсэн болоод, амь аргацаасан байдалтай өдий хүрлээ. Энэ аргацаасан байдлаар цааш явахгүй. Тийм учраас Даатгалын санг санхүүжүүлэх маягаар хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол ялангуяа хувийн хэвшлийн цалингийн 50 хувийг ойрын 3-6 сард өгөх арга хэмжээ бөгөөд ажилгүйдлийн даатгалын санг санхүүжүүлэх маягаар хийх ёстой. Ойролцоогоор гурван сард нэг их наяд төгрөг хэрэгтэй. Зургаан сарын хугацаанд хийвэл хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Энэ нь хүмүүсийг бөөцийлж байгаа юм биш. Ийм үед нэгдүгээрт, төрийн үүрэг байдаг. Хоёрдугаарт, АНУ, БНХАУ, Европын холбоо ч бай бусад улсад явагдаж байгаа үйл явцыг харахад одоо аль ч нийгмийнхээ байгууламжийг авч үлдэх нь хамгийн чухал зүйл болоод байгаа юм.

-Асуудал юунд байна вэ?

-Энэ нь байгууллагынхаа, нийгмийнхээ иргэдийн итгэл үнэмшлийг алдуулахгүйн тулд буцаад нийгэмдээ үнэнч итгэлтэй байхын тулд. Одоо улсаа задраахгүй байх нь чухал байгаа. Манай монголчууд төрдөө итгэнэ гэж ярьдаг шүү дээ. Яг нарийндаа төрдөө итгэх итгэлийг нь унтраахгүй байх нь чухал байгаа юм. Эхлээд эрүүл мэндийн асуудал байсан бол сүүлдээ эдийн засгийн асуудал болсон, одоо нийгмийн асуудал болж байгаа байхгүй юу. Бүр цаашилбал бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолын асуудал байна. Сонгуульд зориулаад ойр зуурын, өнгөлөн далдлалт хийсэн, өнгө алагласан юм бол сонин биш. Тэртэй тэргүй наадмаас хойш манай мөнгөний ханш 40 хувь унана. Яагаад гэвэл их мөнгө хэвлэлт байгаа. Тийм учраас мөнгө хэвлэхдээ ухаантай хэвлэх ёстой. Би түрүүн цалингийн тооцоог хэллээ. 1-2 их наядыг авахын тулд мөнгө хэвлэж болохгүй. Хамгийн гол нь бондуудыг гаргах хэрэгтэй байгаа юм. Бонд гаргаад даатгалынхаа сангуудыг санхүүжүүлэх хэрэгтэй. Нэг ёсондоо 2.4 их наядыг даатгалаар цуглуулна гэсэн үг. Өнгөрсөн жил 2.9 их наядыг цуглуулсан. Тэгэхээр ирээдүйн 1-2 жилийн даатгалыг барьцаалж, 2 их наядын бондыг авах ёстой байхгүй юу. Гэхдээ барьцаагүй хоосон цаас гаргаж болохгүй. Одоо тавдугаар сарын сүүлч гэхэд компаниуд цалингийнхаа 50 хувийг бараг тавьж чадахгүйд хүрнэ.

-МҮХАТ ажлын байр огцом буурахыг судалгаагаар тогтоосон байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энд хувийн хэвшлийн нэг сая хүний ажлын байрны асуудлыг яриад байна. Цаана нь төрийн 200 мянган хүн бий. Бүх процесс зогссон үед тэр 200 мянгаас 100 мянгыг нь амрааж болно шүү дээ. 50 мянгад нь цалингүй чөлөө өгч болно. Хийх ажил нь бараг 50-70 хувь байхгүй болчихсон байхад яагаад төрийнхөн бүтэн цалингаа авдаг юм бэ. Төрөөс өгч байгаа 3.7 их наяд төгрөг, хувийн хэвшилд өгч байгаа 8 их наяд төгрөг байгаа. Жилдээ бодоход бид 11-12 их наяд төгрөгийг хөдөлмөр гэдэг капиталд улсаараа төлж байна. Хувийн хэвшил нь янз бүрийн аргаар ажлыг унагахгүй гээд чардайгаад байдаг, төрийнхний зарим нь ажил хийгээгүй мөртлөө бүтэн цалин авч болохгүй. Энэ чинь шударга биш шүү дээ. Тэр 3.7-гоос нэг их наядыг хэмнэж болно.

-Сонгуулийн дараа биднийг эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал угтах болов уу?

-Ний нуугүй хэлэхэд, сонгуулиас хойших үйл явцад үнэхээр маш сайн толгойнууд хэрэгтэй байна. Би өмнө нь ч байнга хэлж байсан. 2013-2016 оны хямралыг давсан улсуудын баг бүрдээсэй гэж бодож байгаа. Хүний, өөрийн нам хамаагүй. Тэртэй тэргүй Их хурлын сонгуулийн дараах баг ялангуяа хямрал бий болсон, коронагийн дараахь нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулж, хүчтэй шийдвэр гаргаж чадах тийм баг хэрэгтэй байна. Тэртэй тэргүй эвслийн засгийн газар бий болно. Өөр арга байхгүй болчихлоо, нөхцөл байдлыг харахад. Энэ ч бас монголчуудын хувьд маш сайн хувь заяа. Яагаад вэ гэвэл бид энэ гурван сарын хугацаанд дангаараа байгаа намыг харлаа. Сүүлдээ ямар арчаагүй шийдвэрүүд гаргаж байна. Жишээ нь, зөвхөн нэг буруу шийдвэрээсээ болж малчдын амьдралыг сүйрүүлээд хаячихлаа. Одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн сонгууль тойрсон, өнгөлөн далдалсан, том юм алга. Тийм учраас хамтарсан засгийн газар байгуулагдаж, энэ хүнд үеэс гарах болов уу гэж найдаж байна.

Нэмж хэлэхэд, Монгол Улс 1990-1996 оны нөхцөл байдалд шилжих гээд байна. Эдийн засаг, нийгэм, улс төр гээд аль нэг салбарыг дагнаж арга хэмжээ авна гэсэн ойлголт байхгүй. Бүх салбарыг хамтад нь авч үзэх шаардлагатай.


Ч.ОТГОЧУЛУУ: УРТ ХУГАЦААНД ЗЭСИЙН ЭРЭЛТ ӨСНӨ, ЭНЭ НЬ МАНАЙД БОЛОМЖ


-Цар тахлын хямрал бидний ойрын ирээдүйд юу "авчрах" вэ?

-Ажлын байр хомсдоно. Ядуурал өснө. Ядуурал дунджаар 20 хувьтай байсан бол өнөөдөр 10 нэгжээр өсч, 30 хувьд хүрээд буй. Дахиад бага зэргийн шок үүсэхэд 15 нэгжээр өсөх буюу 45 хувьд хүрэх магадлалтай гэсэн судалгаа оны өмнө гарсан. Иймд коронавирусийн "шок”-ын үр дүнд ядуурал тодорхой хувиар нэмэгдэх нь лавтай боллоо. Харин ажилгүйдлийн тухайд, манай статистик их сонин. Ажил хайж, ажилгүйдлийн тэтгэмж авч байгаад дараа нь хасагддаг. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй ажилгүйчүүдийн статистик тоо бодит ажилгүйдлийг илэрхийлж чаддаггүй. Хөдөлмөрийн оролцооны аргаар тооцсон статистик харахаар огт өөр дүр зураг харагддаг. Хэдэн жилийн өмнө хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 70 хувь нь албан ба албан бус ямар нэг байдлаар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бол 50 хувьд хүрч буурсан байсан. Гэхдээ энэ бол мөн л коронавирусийн шокоос өмнөх дата шүү. Залуучуудын дунд далд ажилгүйдэл улам өсөх хандлагатай байна. Тэртэй тэргүй эмзэг байсан ажилгүйдэл, ядуурал вирусийн нөлөөгөөр улам муудах нөхцөл үүсээд байна.

-Бидэнд айсуй хүндрэлээс хохирол багатай гарах ямар боломж байна вэ?

-Урт хугацаанд дэлхийн эдийн засаг газрын ховор элементүүдээс илүү хамааралтай болох байх. Дэлхий даяар интернэт, зайн бас дата серверийн бизнес хүчээ авахаар болчихлоо. Урт хугацаанд зэсийн эрэлт өснө. Энэ нь манайд боломж. Коронавирусийн дараах дэлхий ертөнц цахилгаан эрчим хүч, интернэтээс илүү хамааралтай болно. Иргэд нь гэрээсээ ажлаа хийдэг, бас компьютер, зурагтаар бүх мэдээллээ авдаг эдийн засагтай болох нь. Үүний цаана кабел, цахилгаан, интернэтийн хэрэгцээ маш их болно. Тэгэхээр Монголд зэс бас газрын ховор элементийн нөөц байгаа учраас үүндээ хөрөнгө оруулалт татаж, үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Коронагийн дараах бизнесийн загвар, ерөнхий суурь шийдлүүд тэс өөр болно. Манай улс мэдээж зэс, газрын ховор элемент дээр суурилсан эдийн засаг руу хүссэн, хүсээгүй явна. Манай улс жижиг, авсаархан учраас вирусээс тусгаарлаад байх боломжтой. Ердөө нэгхэн олон улсын чанартай онгоцны буудал, бас цөөн хэдэн хилийн боомтуудтай шүү дээ. Тиймээс л коронавирусийн дараах дэлхий ертөнцөд хэрэгтэй нөөц боломжуудаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Аялал жуулчлал ойрын хэдэн жилдээ нэлээн хүнд байдалд орно. Тахлаас үүсч буй эдийн засгийн "шок"-ийн нөлөөг бууруулахын тулд барилгын салбараа сэргээх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй.

-Гадаад өрөө төлөх боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-Оюутолгойн далд уурхай ашиглалтад орвол экспортынх нь хэмжээ 4-5 дахин өснө. Үүнийг дагаад манай рояалти, татвар, валютын орлого өсч, гадаад өрөө төлөх чадвартай болно. Коронагийн энэ үед тусдаа бодлогоор дэмжиж төслийг хөдөлгөх л хэрэгтэй. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг яаралтай барих хэрэгтэй. Бүх шийдэл нь бэлэн болчихоод байхад их удаан гацаагаад байх юм. Бариад эхэлчихвэл коронагаас болж ажилгүй болсон олон зуун ажиллагч, инженер ажилтай болно. Нэг гэж голохгүй ажлын байр бүрийн араас чичрээд дайрах хэрэгтэй.

Эх сурвалж: news.mn

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.