УИХ-ын гишүүн Самандын Жавхлан Ардчилсан намд гишүүнээр элслээ

2016-2020 оны парламентад сонгогдсон ганц бие даагч гишүүн, дуучин С.Жавхлан Ардчилсан намд элсч байгаагаа тавдугаар сарын 14-ний өдөр зарлалаа.

 

Бие даагчийн хувиар өнгөрсөн жил дарламентад ажиллахдаа дуу хоолой хүчгүйдсэн учраас улс төрийн шийдвэр гарган намд харъяалагдах сонголт хийх болсноо гишүүнээр элсэх үеэрээ сэтгүүлчдэд хэллээ.

2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөхөө илэрхийлсэн 200 орчим хүн байгаа нь Монголын парламентын түүхэнд байгаагүй олон юм. С.Жавхлан эдгээр бие даагчдад сонгуульдаа амжилт гаргахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Дуу хоолой хүчгүйддэг юм байна. Би АН-д элссэн нь миний улс төрийн шийдвэр. Харин би энэ олон бие даагчдыг үгүйсгээгүй. Харин ч энэ хүмүүс дотроос улс орноо өөрчлөх ёстой юм байна гэсэн зүтгэж байгаа бүх хүмүүст талархаж байна. Бие даагчид зоригтой байна” хэмээн амжилт хүсэв.

2016 оны сонгуулиар С.Жавхлан нийслэлийн Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон юм. Харин энэ удаад төрсөн нутаг Увс аймгаасаа АН-аас нэр дэвшихээр ийнхүү сонголт хийлээ гэж дүгнэж байна. 

С.Жавхлан нь 2016-2020 оны парламентын нэгэн содон өнгө байсан. Анхдугаар чуулганы хуралдаандаа тэрбээр бүлээн зүсмийн морьтой ирж, ташуураа барин чуулганы танхимд орж байсан. Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаандаа үргэлж монгол дээл өмсч байсан.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.