ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой майнинг" ХХК нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани гэсэн статустайгаар 2019 оны наймдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд IPO босгох бэлтгэл ажлыг хийж иржээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгааг мэдээлж байсан юм.
Даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрт "Сүүлийн үед улс төрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ" гэжээ.
Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүрэн эхээр хүргэе.
2. Тавантолгой нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (А.Ариунболд)-т тус тус даалгасугай:
2.1. Олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах;
2.2. Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх;
2.3. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулах;
2.4. Гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар, зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллах.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мэдэлд Тавантолгойн нийт найман лиценз байдаг бөгөөд үүнээс Зүүн Цанхийн ашиглалтын лицензийг "Эрдэнэс Тавантолгой майнинг" компани руу шилжүүлсэн бөгөөд энэ лиценз IPO гаргах гол үндэслэл болж байсан юм. Зүүн Цанхи нь Тавантолгойн бүлэг орд дотроос хамгийн баялаг нөөцтэйд тооцогддог. Тавантолгойн ордын нийт нөөцийг 6.3 тэрбум тоон нүүрс гэж байгаагийн нэг тэрбум орчим тонн нь Зүүн Цанхид байгаа юм. Тавантолгойн орд нь сайн чанарын коксжих нүүрсний орд. Засгийн газрын өгсөн эрхийн дагуу ордын 30 хувьд нь IPO босгох бэлтгэл ажил хийгдэж байсан.
Энэ шийдвэр гарсан өдрийн оройн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар МҮОНТ-ийн ММ агентлагт өгсөн мэдээлэлдээ COVID-19 халдвараас шалтгаалан дэлхийн хөрөнгийн зах зээлд бий болж буй хүндрэл, Монголын дотоодын улстөржилт буюу "Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт дээр ажиллаж буй дотоод, гадаадын цөөн компанийн, тэдний цаад эзэд байж болох зарим улстөрчдийн эрх ашигтай холбоотой хэмээн үзэж байгаагаа хэлсэн нь анхаарал татаж байгаа юм.
"Эрдэнэс Тавантолгой” компани 2008 онд байгуулагдсанаасаа хойш 2018, 2019 онд хамгийн өндөр ашигтай ажилласан. Зөвхөн 2019 онд л гэхэд нэг тэрбум долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний үр дүнд:
- Зүүнбаянгийн төмөр замын төслийн 750 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 550 тэрбумыг санхүүжүүлсэн
- Гашуунсухайтын төмөр замын төсөлд 308 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн
- Тавантолгой түлш буюу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд 146 тэрбум
- Багануур, Шивээ-Овоог гал алдуулахгүйн үүднээс 15 тэрбум
- "Чалко”-ийн 350 сая долларын өрийн үлдэгдлийг барагдуулж
- Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийг төлж дуусгасан.
"Үүний цаана IPO хийж, хөрөнгө босгон хоёр төмөр замын бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, цахилгаан станц олон төсөл ар араасаа хүлээгдэж байлаа. Гэвч цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг, ялангуяа БНХАУ-д эрэлт буурч, түүхий эдийн ханш унаад буйгаас шалтгаалан эхний улирлын байдлаар уул уурхайн салбарын төлөвлөгөө, "Эрдэнэс Тавантолгой” борлуулалтын орлого 50 хувь буурч, төсөвт эхний улиралд төвлөрүүлэх орлого 250 тэрбум төгрөгөөр тасраад байгаа ба цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2020 оны төгсгөл гэхэд уул уурхайн салбарын орлого 50 хувь буурна хэмээн УУХҮЯ тооцсон. Энэ жил "Эрдэнэс Тавантолгой" ашигтай ажиллана гэж хэлж чадахгүй. Тендерийн тухай хууль 2018 оны арваннэгдүгээр сард батлагдах ёстой байтал улстөржилт явагдаж, Засгийг газрыг дараа нь УИХ-ын даргыг огцруулах асуудал явсаар 2019 оны зургадугаар сард Тендерийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, олон улсын тендер сонгон шалгаруулалт зарлах эрх зүйн боломж бүрдсэнээр ажлууд хийгдэж эхэлсэн. Ер нь дотооодын улс төр болон компанийн удирдлагуудтай дотроо асар их эсэргүүцэлтэй тулсан нь үнэн. Гэхдээ бид бодлогын бичиг баримт буюу бүх бичиг баримтыг хууль, ном журмын дагуу бэлдэж өгөх ёстой гэсэн байр суурьтайгаар ажлаа хийгээд явж байгаа. Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж, дараа нь хэн ч ирсэн бай энэ ажлыг үргэлжлүүлээд энэ том ажил, энэ том бүтээн байгуулалтуудыг хийх ёстой” гэсэн тайлбарыг өгчээ.
Н.ЗАМБАГА