Covid-19-ийн халдвар авсан франц иргэн бүрэн эдгэрчээ

Коронавирусийн Монголын анхны батлагдсан тохиолдол болсон Франц улсын иргэн эдгэрч ХӨСҮТ-ийн эмнэлгээс гарч, дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэнийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр /2020.04.27/ сэтгүүчлдэд мэдээллээ.

"Сайн мэдээ дуулгахад франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч, бие нь эрүүл болж, "Энх саран" сувилал руу шилжиж байна. Энэ хүн нийт 47 хоног эмчилгээ хийлгэсэн. Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих байх аа. Ер нь уушигны үрэвслийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн байлгахад онцгой анхаарч ажилладаг. Эмчилгээний үр дүн гарлаа. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдийн бие тогтвортой байна" хэмээн Д.Нямхүү хэллээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд шинэ коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 161 хүний шинжилгээ хийсэн. Уг шинжилгээгээр вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа сувилагч, үйлчлэгч нарын 19 хүнд шинжилгээ авахад вирус илрээгүй. Бид эмчилгээнд орохын өмнө эмч мэргэжилтнүүддээ шинэ коронавирусийн шинжилгээг хийж, рентгенээр уушигны зургийг нь авч хадгалдаг.

Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүний дотор Москвагаас ирж, "Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутны шинжилгээнд вирус илрээгүй. Тандалтын зорилгоор таван сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дундговь, Дархан-Уул аймаг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт байгаа 15 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.


Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.