Мөнхийн дайсныг ч нэгтгэж чадсан ШХАБ

Киргизийн нийслэлБишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт болж 2019 оны зургадугаар сарын 13-14-нд өндөрлөлөө.

2001 онд сууриа тавьсан энэ байгууллага эдүгээ бүрэн эрхэт найман гишүүн буюу ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистан, Пакистан, Энэтхэг, ажиглагч дөрвөн гишүүн Монгол, Беларус, Афганистан, Иран, түншлэгч зургаа буюу Азербайжан, Армян, Турк, Кампуч, Непал, Шри Ланка гэсэн бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд газар нутаг, хүн амын тоогоор авч үзвэл дэлхийн хамгийн томд тооцогдох эвсэл болоод байна. Израиль, Сири, Ирак, Саудын Араб хүсэлтээ ирүүлээд байгаа.

Олон жил үндсэн зургаа, ажиглагч зургаа, түншлэгч зургаа гэсэн харьцаатай явж ирсэн ШХАБ өнгөрсөн жил Пакистан, Энэтхэгийг үндсэн гишүүнээр элсүүлэн авснаар 8-4-6 гэсэн харьцаатай болоод байгаа юм. Энэтхэг-Пакистан, Азербайжан-Армян гээд хоорондоо тийм ч найрсаг харилцаагүй улсууд ШХАБ-ын дээвэр дор нэгддэг. Энэ байгууллагын ажил хэргийн хэл нь орос, хятад, гэвч жил ирэх тусам англиар харилцах шаардлага үүсч байгаа.

ШХАБ-ын статусыг дэлхий нийт янз янзаар хүлээн авдаг. Зарим нь хамтын ажиллагааны, зарим нь цэргийн, зарим нь эдийн засгийн байгууллага гэх зэргээр тодорхойлдог ч нэг зүйл ойлгомжтой нь энэ бол олон улсын аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй.

2018 онд Хятадын Чиндаод болсон дээд хэмжээний уулзалт бол ШХАБ-ын түүхэнд онцгойгоор бичигдэж байна. Учир нь, олон жил харзсаны эцэст Энэтхэг, Пакистаныг үндсэн гишүүнээр элсүүлэн авсан. Гэвч ШХАБ-ын шинэхэн хоёр гишүүн энэ оны хоёрдугаар сард харилцан мөргөлдөөн үүсгэж хоёр орны харилцаа хүйтэрсэн. Түүнээс хойш хоёр улсын тэргүүн Бишкекэд нэг ширээний ард суулаа. Бишкекэд нисч ирэхийн тулд Нарендра Моди Пакистаны нутаг дээгүүр нисэх шаардлагатай байсан бөгөөд Пакистаны зүгээс агаарын замаа нээж өгч найрамдсан.

Бишкекийн уулзалтыг залгуулан ШХАБ-ын хоёр голлох лидер Владимир Путин, Ши Жиньпин нар Тажикистаны нийслэл Душанбед зургадугаар сарын 14-15-нд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх форумын /CICA/ ээлжит уулзалтад оролцлоо. CICA нь Азийн 27 орныг нэгтгэдэг бүс нутгийн нөлөө бүхий байгууллага. Азийн хүн амын бараг 90 хувийг төлөөлдөг. Мөн бусад найман улс, олон улсын таван байгуулага, тэр дундаа НҮБ ажиглагчаар оролцдог юм. Энэхүү форум нь Азид тулгарч байгаа асуудлыг бүс нутгийн улсууд харилцан яриа хэлцээ, ойлголцлоор шийдэх учиртай гэсэн зорилготой.

БНХАУ-ын зүгээс "Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдээ ШХАБ болон CICA-гийн хүрээнд амжилттай уялдуулж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.