НЭГ УЛС-НЭГ ТОЙРОГ хувилбарыг МАН санал болгож байна

Өнгөрсөн 2018 онд УИХ-ын даргын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн зургадугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар энэхүү ажлын хэсгийн мэдээллийн сонссон байна.

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн хэлснээр МАН-ын олонх сонгуулийн ямар тогтолцоог сонгох тал санал нэгдээгүй байгаа бөгөөд дөрвөн хувилбараас сонгохоор ярилцаж байгаа ажээ. Тухайлбал, нэгдүгээрт, том мажоритар, хоёрдугаарт, бүсчилсэн тойрог, гуравдугаарт, жижиг мажоритар, дөрөвдүгээрт, Монгол улс нэг тойрог байх хувилбарууд юм.

Албан бус мэдээллээр Монгол улс нэг тойрог байх хувилбарыг сонгох магадлал өндөр гэж байсныг дэд дарга Л.Энх-Амгалан нотоллоо. "Эдгээр дөрвөн хувилбараас аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэх вэ гэж үзээд Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн  улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн" гэж Л.Энх-Амгалан хэллээ.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах урьдчилсан бэлтгэлийг бараг хийж дууссан боловч Засгийн газраас санал авах дутуу байгааг тэрбээр хэлсэн байна.

Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг улс төрийн 26 нам, төрийн бус байгууллага найман байгууллага, төрийн байгууллага /УБЕГ, СЕХ гэх мэт/-ыг оролцуулсан хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 230 гаруй санал ирснээс  135 саналыг нь хүлээж авах боломжтой гэж үзсэн байна.

1992 оноос хойш Монгол улс парламентын сонгуулийг долоон удаа явуулахдаа дөрөвт нь жижиг мажоритар, гуравт нь мажоритар болон пропорционал тогтолцооны аль алийг ашигласан холимог тогтолцоогоор явуулсан байна.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.