"Челси" Европа лигт хоёр дахь удаагаа тэргүүллээ

Европын хөлбөмбөгийн УЕФА буюу Европа лигийн шигшээ тоглолт Азербайжанийн нийслэл Баку хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2019 оны тавдугаар сарын 29-нд боллоо.

 

Энэ жилийн шигшээ тоглолтод Английн "Арсенал" болон "Челси" клубууд шалгараад байсан юм. Хоёр баг хоёулаа Европа лигийн шигшээд тус бүртээ хоёр дахь удаагаа шалгараад байсан бөгөөд "Челси" 2013 онд түрүүлж байсан. Харин "Арсенал" 2000 оны шигшээд шалгарсан ч Туркийн "Галатасарай"-д хожигдож байжээ. "Челси" хошой цомын төлөө тоглох бол "Арсенал" анх удаа Европа лигийн цомын төлөө тоглосон юм.

Тоглолтын эхний хагаст хоёр багийн аль нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулаагүй. Харин хоёр дахь үед нийт таван гоол орсоны дөрөв нь "Челси"-гийнх байлаа. "Арсенал"-ын экс довтлогч О.Жиру эхний гоолыг мөргөж оруулсан бол түүнээс 10 минутын дараа Педро багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан гоолыг оруулсан. Удалгүй Э.Азар 11 метрийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг оруулсан бол 72 дахь минутад дахин нэг гоол оруулж Э.Азар дубль хийв. Харин "Арсенал" клубээс ганц гоолыг А.Ивоби 16 метрийн гаднаас оруулсан юм.

Ийнхүү есөн сар үргэлжилсэн хөлбөмбөгийн Европа лиг өндөрлөж, улирлын аваргаар Английн "Челси" клуб хоёр дахь удаагаа шалгарав.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.