КРИС БАСИНСКИ: Монголын хэрэглэгчид хямд үнэтэй ногоон эрчим хүч хэрэглэх боломжтой

Монгол Улсын Их хурал 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Гэвч энэ хуулинд өнөөдөр хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Энэ талаар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) - ны Төв болон Зүүн Өмнөд Европ, Турк болон Монгол Улсыг хариуцсан Эрчим хүчний Эдийн засагч Крис Басинскитэй уулзаж ярилцлаа. Тэрээр Монгол Улсад шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар хэрхэн сонгон шалгаруулах механизмийн талаархи техник хамтын ажиллагааны төслийг удирдаж байна.

 

 

-УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд анх баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд 12 жил болж байна. Юуны өмнө хуулийн өөрчлөлттэй танилцсан уу? Та ямар дүгнэлт өгөх вэ?

 

-Тийм ээ. Манай банкны зүгээс Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцсан. УИХ-ын зүгээс энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнд баяртай байгаа. Одоогоос 12 жилийн өмнө батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бол Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон эргэлт авчирсан хууль. Уг хууль сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн болон зохицуулалтын орчныг бий болгож, өнөөдөр Монголын хэрэглэгчдийг ногоон эрчим хүчээр хангаж буй салхины эрчим хүчний хэд хэдэн томоохон станц, мөн зарим бага хэмжээний нарны эрчим хүч үйлдвэрлэх станцуудыг бүтээн байгуулах боломжийг бүрдүүлсэн. Гэвч өнөөдөр энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болоод байна. Өнөөдөр дэлхий нийтэд салхины эрчим хүч болон нарны эрчим хүчний эх үүсгүүрүүдийн өртөг зардал огцом буурч, үүнийг дагаад ногоон эрчим хүчний үнэ буурч байна. Монгол Улс Сэргээгдэх эрчим хүчний хуулиа өөрчилснөөр Монголын хэрэглэгчид боломжийн хямд үнэтэй ногоон эрчим хүч хэрэглэх, цаашид сэргээгдэх эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

 

-Монгол Улсад уламжлалт нүүрсний станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ хоёрын хооронд их зөрүү байдаг. Дэлхийн бусад улс оронд эх үүсвэрийн төрлөөс шалтгаалсан үнийн зөрүү хэр их байдаг вэ?

 

-Шинээр ашиглалтад орж буй сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг одоогийн байгаа нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэдэг эрчим хүчний тарифтай харьцуулах нь шударга бус гэж үзэх хоёр чухал шалтгаан бий. Эхний шалтгаан бол өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бүгд 30-аас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын өртөг зардал нь аль хэдийн нөхөн төлөгдсөн байдаг. Харин сэргээгдэх эрчим хүчний станцуудын хувьд шинээр баригдаж байгаа учраас хөрөнгө оруулалтын өртөг зардлыг нөхөх хэмжээний үнэ тарифтай байх шаардлагатай болдог. Хоёрдугаарт, нүүрс шатаасны улмаас хүний эрүүл мэнд, агаар, усны бохирдол, экосистемийн доройтол зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй бөгөөд байгаль орчны болон нийгмийн өртөг зардлыг бүрэн нөхдөггүй. Салхины, эсвэл нарны эрчим хүчний станцууд бүрэн цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг, тиймдээ ч тэрхүү нэмэлт зардлыг үүсгэдэггүй. Ийм учраас нүүрс шатааж үйлдвэрлэж байгаа эрчим хүч, сэргээгдэх эрчим хоёрын үнэ зөрүүтэй байдаг. Монгол улсад эрчим хүчний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэхүү өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ? Яаж хэрэглэгчдэдээ хямд үнээр цэвэр эрчим хүч хүргэх вэ гэдэг асуудал хамгийн чухал нь. Энэ асуудал дан ганц Монгол Улсад ч тулгамдаад байгаа асуудал биш. Бусад улс оронд ч мөн эдгээр асуудал тулгарч байсан, тулгарсаар байна. Сэргээгдэх эрчим хүчний станцууд нь түүхийн явцад уламжлалт түлшээр ажилладаг станцуудаас илүү өндөр өртөгтэй байж ирсэн ч Засгийн газрууд эрчим хүчний салбараас гарах хүлэмжийн хийг бууруулахын тулд үйлдвэрлэгчдэд тэрхүү өртгийг нь нөхөх татаас олгож байсан. Сэргээгдэх эрчим хүчний станцууд нь уламжлалт түлшээр ажилладаг станцуудтай өрсөлдөх чадвар ихтэй болж байгааг одоо дэлхий даяар харж байна. Тухайлбал, Иордан шиг эрчим хүчний нөөц, эх үүсвэр сайтай зарим улс орны хувьд ч уламжлалт түлшээр ажилладаг станцуудыг ажиллуулснаас сэргээгдэх эрчим хүчний шинэ станцууд байгуулах нь илүү хямд тусаж байна.

 

-Монголд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ өндөр байгаа учраас хөрөнгө оруулах сонирхол их байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээж авах бол? Санхүүжүүлэгчийн хувьд та юу гэж бодож байна?

 

-Монгол Улсад нар болон салхин цахилгаан станцаар үйлдвэрлэж байгаа эрчим хүчний үнэ өндөр байгаа нь үнэн. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа цахилгааны үнэ тариф нь багасна. Улмаар хөрөнгө оруулагчдын хүртэх үр өгөөж буурна гэсэн үг. Гэхдээ хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцож үзэх нь дамжиггүй. Тэд тогтворгүй зах зээл дээр богино хугацаанд үйл ажиллагаа явуулахыг сонирхохгүй. Миний бодлоор Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнээр борлуулснаар ногоон эрчим хүчийг хөгжүүлж чадахгүй. Хөрөнгө оруулагчид ч гэсэн өндөр үнээр сэргээгдэх эрчим хүчийг удаан хугацаанд борлуулж чадахгүй. Сэргээгдэх эрчим хүчний үнэ хэт өндөр байвал хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд аль алинд нь эрсдэл үүсгэнэ. Хэрэв үнэ тарифыг ил тод, өрсөлдөөнт шалгаруулалтаар дамжуулан боломжийн түвшинд тогтоовол энэ нь тухайн станцын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчинд  нийцсэн шударга үнэ байх болно.

-Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орсноор өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл үүсэх үү?

 

-Хуулийн өөрчлөлттэй танилцсан. Монгол Улсад шинээр баригдах нар салхины станцууд худалдах үнээ тогтооно. Хамгийн бага үнийг санал болгосон хөрөнгө оруулагч сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээ барьж байгуулна. Одоо ажиллаж байгаа сэргээгдэх эрчим хүчний станцуудад энэ үнэ тариф бараг хамаарахгүй. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барьж байгуулахын тулд их хэмжээний өртөг зардал гаргасан. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө харилцан тохиролцсоны дагуу сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф дээр суурилсан байдаг. Хэрэв хөрөнгө оруулалт хийгдсэний дараа энэхүү тарифыг өөрчилбөл Засгийн газарт итгэх итгэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулахдаа энэ бүхнийг тооцож, хийсэн гэж үзэж байгаа.

 

-Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифаас татгалзаж, төслүүдийг сонгон шалгаруулах зарчмаар эх үүсгүүрээ барих тусгай зөвшөөрөл олгодог үндсэн өөрчлөлтийг хуулиар хийхээр төлөвлөж байна. Үүнийг та юу гэж бодож байна? Бусад улсын чиг хандлага ямар байна?

 

-Өрсөлдөөнт, сонгон шалгаруулалтад шилжих үйл явцыг бид их эерэг хөгжил дэвшил гэж харж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд өрсөлдөөнт сонгон  шалгаруулалт руу ихэнх улс орон шилжиж байна. Анх 2010 онд 10 хүрэхгүй байсан бол өнөөдөр 60 гаруй орон эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Үүнийг дагаад  Европын Холбоо, Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Төв Азийн улс орнуудад эрчим хүчний үнэ буурч, худалдан авалтын үйл ажиллагааг сайтар төлөвлөж, салхи болон нарны эх үүсгүүрүүд ажиллах таатай нөхцөлөөр хангагдаж чадсан. Жишээ нь, Казакстан улс өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний шинэ дэвшилтэд технологи худалдан авах зорилгоор хамгийн анхныхаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлсэн

 

-Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын аргыг нэвтрүүлснээр ямар давуу талууд Монголд бий болох бол?

 

-Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нэвтрүүлэх нь хэд хэдэн давуу талтай. Хамгийн илт давуу тал нь шинэ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн дэмжих тарифыг багасгах бөгөөд үүний үндсэн дээр хэрэглэгчдийн төлөх цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт буурна. Яагаад гэвэл хамгийн өртөг зардал багатай станцыг барихаар сонгох тул сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид урьдчилан тогтоосон дэмжих тарифыг мөрдөх бус харин дэмжлэг авахын төлөө хоорондоо өрсөлдөх ёстой болно. Энэхүү өрсөлдөөн нь хөрөнгө оруулагчдыг өртөг зардлаа аль болох бууруулахад хүргэнэ. Казакстаны Эрчим хүчний яам нь өнгөрсөн жил эхний ээлжинд хэд хэдэн удаагийн  сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулж, 270 Мегаватт нарны эрчим хүч, 501 Мегаватт салхины эрчим хүчний эх үүсвэрийг багтаасан нийтдээ 858 Мегаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулсан. Дуудлага худалдааны эхнийх нь 2018 оны зургадугаар сарын 7-нд,хоёр дахь нь 2018 оны аравдугаар сарын 18-нд дуусгавар болсон. Сэргээгдэх эрчим хүчний кВт.ц тутмын дундаж үнэ нь нарны эрчим хүчний хувьд 31 хувиар, салхины хувьд 11 хувиар, бага оврын усан цахилгаан станцын хувьд 14хувиар буурсан байгаа. Улс орон бүр өөрийн онцлог ялгаатай тул шууд харьцуулах боломжгүй ч уг жишээ нь худалдан авалтын оновчтой арга механизмыг ашигласнаар бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний үнэ өртгийг бууруулах боломжтойг харуулж байгаа юм. Үнэ бууруулах боломжоос гадна дараах хэд хэдэн давуу тал байна. Үүнд, ил тод байдал нэмэгдэх, тухайн цаг үед ашиглагдаж буй технологийн өртгийг харгалзан улс орны хэмжээнд тогтоосон үнэ тарифын түвшин нь хамгийн оновчтой гэдэгт итгэх итгэл бий болох, хөрөнгө оруулагчдад тулгарах эрсдэл буурах, хамгийн чухал нь шинээр бий болсон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэрүүдийн төрөл, хэмжээ, байршлыг эрх барих байгууллагаас тогтоож, хяналт тавих боломж нэмэгдэж байгаа юм. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны  техник хамтын ажиллагааны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын загвар боловсруулахаар бид ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин сайжирснаар Монголын нар салхины эрчим хүчийг олон улсад борлуулах боломж бүрдэнэ. 

 

-Өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын аргыг нэвтрүүлэх нь хэр эрсдэл дагуулах вэ?  Зарим хүмүүс сонгон шалгаруулалтын үйл явцад үл итгэх байдалтай байна. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

 

-Шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулахаас их зүйл хамаарна. Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт орсноор одоо байгаагаас илүү сайн ил тод, бас хяналттай тогтолцоог бүрдүүлэх боломжтой. Казакстаны жишээг харахад цахим дуудлага худалдааны аргыг ашигласнаар ил тод байдлыг сайжруулсан байдаг. Монгол улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд оруулахаар санал болгож буй өөрчлөлтийн хүрээнд Эрчим хүчний яамнаас өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Гэхдээ бусад төрийн болон төрийн бус байгууллагууд ч мөн оролцоно. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь  шударга, жинхэнэ өрсөлдөөнтэй гэдэгт нь итгэж болох бүрэн ил тод сонгон шалгаруулалтыг хөгжүүлэх чиглэлд Эрчим хүчний яам, мөн Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг бусад голлох оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж байна.

 

-Өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг Монголд ямар стратеги, хэлбэрээр хэрэгжүүлбэл зохимжтой гэж үзэж байна?

 

-Эрчим хүчний яамтай хамтран хийж буй Монголын нөхцөлд ямар загвар нь илүү оновчтой вэ гэдгийг тодорхойлох ажил маань эхлэлийн шатандаа байгаа учраас тодорхой хэлэхэд хэцүү байна. Өнгөрсөн онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт худалдан авалтын үйл ажиллагааны багц удирдамжуудыг боловсруулж хэвлэн гаргасан. Загвартай холбоотой шийдвэрлэх олон зүйлс бий ч удирдамжуудаар өгч буй гол санааны нэг нь улс орнууд анхны өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаа аль болох энгийн шийдэлтэй зохион байгуулах хэрэгтэй. Монгол орон нар, салхины атаархмаар нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж буй  сэргээгдэх эрчим хүчний салбартай орон. Стратегийн үүднээс одоогийн хуулиар тогтоосон тогтмол үнийн тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг ямарваа саадгүй хийх нөхцөлийг хангах нь чухал. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчний салбарыг яаралтай өрсөлдөөнт, сонгон шалгаруулалтын зарчимд шилжүүлэх нь чухал. Хугацаа алдсанаар хөрөнгө оруулагчдын анхаарал өөр улс орнууд руу шилжиж, тэдний сонирхлыг эргүүлэн татахад өндөр өртөгтэй байж болзошгүй. 

 

-Монгол Улсын эрчим хүчний салбарт цаашид танай банкны зүгээс ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна?

 

-Эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай байдлыг хангахын тулд Монгол улс  хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулах шаардлагатай. Жишээлбэл, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах шинэ цахилгаан станцуудыг барьж байгуулах, улс орон даяарх холболтыг сайжруулахын тулд цахилгаан дамжуулах шугамуудыг шинээр байгуулах, шинэчлэх, эрчим хүчний системийг удирдах, хянахад илүү хялбар болгохуйц ухаалаг технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Бид хувийн хэвшил болон төрийн өмчит компаниудад хөрөнгө оруулах, хамтрах замаар эдгээр бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд туслахад бэлэн байна. Манай банк 2013 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр анхаарч, улсын хэмжээнд дөрвөн томоохон сэргээгдэх эрчим хүчний станцад хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гурав нь тогтмол ажиллаж, Монголын хэрэглэгчдийг ногоон эрчим хүчээр хангаж байна. Бид сэргээгдэх эрчим хүчний станцуудыг цаашид үргэлжлүүлэн дэмжинэ, гэхдээ үнэ тарифыг бууруулж, сүүлийн үеийн технологийн багасгасан шинэ өртгийг илүү сайн тусгасан нөхцөлд эсвэл эрчим хүчний системийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх шийдэл бүхий төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Иймд шинэ өрсөлдөөнт сонгон  шалгаруулалтын аргыг нэвтрүүлэх нь маш чухал юм. 

А.ТУЛГА

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.