"Эмээлт"-д хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна

Улаанбаатар хотын ойролцоох малын түүхийн эдийн "Эмээлт” захад 600 мянган адууны шир хуримтлагдаад байна. Даруйхан экспортод гаргах арга хэмжээ авахгүй бол 14 тэрбум төгрөгийн үнэ хүрэх түүхий эдээ газарт булж болзошгүй аж. Дулаарах тусам адууны шир үнэр орж, хүнд тоогдохгүй болно гэж ченжүүд ярьж байна.

 

Тиймээс Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 12-ны Ням гаригт хуралдаж эдгээр арьс ширийг эргэлтэд оруулах шийдвэрийг гаргалаа.

"Эмээлт” захад адууны шир ийн олноороо хураагдах болсон нь малын арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосонтой холбоотой аж.

Засгийн газраас 2013 онд түүхий эд боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зорилгоор арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хоригложээ. Гэвч дотоодын үйлдвэрүүд малаас гаралтай түүхий эдийг хагас ч боловсруулж дийлдэггүй аж. Үүнээс болж жил бүр адууны шир "Эмээлт” захад хураагдах болжээ.

Хоригоос улбаатайгаар өмнө нь ч бас ийм асуудал үүсч байжээ. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2014, 2015 оноос хойш хураагдсан 500 мянга гаруй адууны ширийг яах вэ гэдэг асуудал тулж, Аж үйлдвэрийн яамнаас санал гаргаснаар хоригийг түр хугацаагаар цуцалж байжээ. Ингэхдээ 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд арьс, шир түүхийгээр нь экспортлохыг зөвшөөрсөн аж. Одоогийн "Эмээлт” захад хуримтлагдсан 600 мянган адууны шир нь 2017, 2018 онд бэлтгэгджээ. Тиймээс дээрхтэй адил арга хэмжээ авч, зохицуулалт хийх боломжтой гэнэ.

Гэхдээ мал аж ахуй бол Монголын голлох салбаруудын нэг гэж тодотгож болно. Малаас гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх нь төрийн бодлого байх ёстой. Энэ ч утгаараа үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал байгаа. Жишээ татвал, адууны ширийг боловсруулж, түүгээр нь гутал хийвэл түүхийгээр нь экспортолсноос илүү өндөр үнэ хүрнэ.

Иймээс Засгийн газар "Үйлдвэржилт 100” хөтөлбөрийнхөө хүрээнд боловсруулах үйлдвэр шинээр байгуулахад анхаарч, байгаагаа томруулж хүчин чадлыг өргөтгөхөд санаачлагатай ажиллахгүй бол жил бүрийн хавар л адууны шир "Эмээлт” захад өмхийрч болзошгүй нөхцөлд байгаа тухай мэдээлэл түргэн авхуулдаг болох нь ээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.