“Поп”-уудтай тэмц, бизнесийнхэн

Долоо дахь удаагаа зохион байгуулсан эдийн засгийн форумын төгсгөл дэх "оймсны хэрэг” бол нэг талаасаа Монголын бизнес эрхлэгчдийн аргаа барсан үйлдэл гэж харагдахаар, нөгөө талдаа тэвчээрээ барсан Монголын бизнес эрхлэгчдийн  "тэсрэлтийн нэг хэлбэр” гэж дүгнэж болохоор.

 

Харин энэ хэргээс нэг асуулт төрсөн нь ингэж эсэргүүцлээ илэрхийлэхэд "бэлэн байдал”-д хүрсэн хичнээн бизнес эрхлэгчид Монголд байгаа бол?

Яг үнэндээ бол  Монголд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын гол хохирогчид нь аль нэг нам эсвэл, аль нэг улстөрч биш. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд эрх баригчдын талцал, сөрөг хүчний бойкот, эх орончид, популистуудын хий хоосон улс төрөөс хамгийн ихээр хохирол амссан нь Монголын бизнесийнхэн. Тэд улстөрчдийн тэмцэл, намуудын хэрүүлээс хангалттай залхаж, хангалттай "шатсан”. Үүнийгээ ч тэвчиж чадахгүйд хүрч байх шиг байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд энэ бүгдийг тэвчээртэйгээр харж, эдийн засгийн хямралыг боломж, бололцоогоороо давах гэсэн чармайсан, чардайсан бүх л бизнес эрхлэгч ядарч туйлдаж, залхаж бухимдсандаа эхнээсээ үгээ хэлж, эсэргүүцлээ ч давхар илэрхийлж эхэллээ.

"ММС”-д үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор "Энержи ресурс”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал албан ёсны байр сууриа хэвлэлүүдээр дамжуулан илэрхийлэв. Барагтай л бол хэвлэлд ярилцлага өгөөд, энэ тэнд үсчиж очоод "гол дүр” болоод байдаггүй Монголын үндэсний том бизнес эрхлэгч ийнхүү үгээ хэлэхээс аргагүйд хүрсэн нь өнөөх л улстөрчдийн хэрүүл тэмцэл, хэл ам гэж хэлж болно. Улиг болсон Тавантолгойн  асуудалд өөрийн тайлбараа илэрхийлсэн түүний ярилцлага хэвлэлээр цацагдсаны дараа "Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нүүр номын хуудсаараа үгээ дамжуулжээ . Тэрбээр "Бид бие биенийхээ хийсэн бүтээснийг дэмжих цаг болсон. Худлаа хоосон ард түмэн гэж халшгирдаг хүмүүс ард түмэндээ зориулж хэдэн төгрөг татварт төлдөг бол. Татвар төлөгч ард түмэн минь энэ сонгуулиар худалч улстөрчдийг дэмжихээ больё” хэмээн уриалснаас харахад Монголын бизнес эрхлэгчид одооноос л хэлд орж байх шиг. Үүний өмнө тэд зовлон жаргалаа тэр бүр дэлгээд байдаггүй, тэр хэрээр өмнөөс нь хэвлэл мэдээлэл, хэдэн улстөрчид л хараал шүүмжлэлийн бай болдог байв. Харин одоо тэд үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлж, эдийн засгийн хямралаас гаргах арга замаа хамтдаа хайх цаг болсон гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлаж,  гурван жилийн турш өсч, өнөөдөр 2055 төгрөгтэй тэнцээд байгаа ам.долларын ханшийн өсөлтөөс болоод нэг компани гэхэд 800 саяас нэг тэрбум төгрөгөөр "шатахад” хүрснийг онцолж, үүний  эсрэг тэмцэх цаг болсныг дуулгажээ.

Ордон доторх дуулиан, оймсны хэргээс болоод олон нийт анзаараагүй өнгөрсөн болохоос энэ бол эрх баригчдын сонорт хүргэх чухал асуудал мөн үү гэвэл  мөн. Мэдээж , аж ахуйн нэгжүүдийн энэ "шаталт”-ын цаана олон хүн ажилгүй болсон гэж мөрийцсөн ч алдахгүй биз.

Үнэндээ өнгөрсөн хугацаанд цөөн хэдэн улстөрч Монголын эдийн засгийн хөгжлийг хүссэнээрээ гацааж, Монгол төрөөр хүссэнээрээ тоглолоо. Ямар сайндаа л, Ерөнхий сайд нь эдийн засгийн форумын индэр дээрээс  "Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж болдоггүй”-г зарлаж байх вэ дээ.  Үнэхээр ч өнөөдөр Ерөнхий сайдын хэлснээр "Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск - халуун эх орончдын дүрд тоглож эхэлсэн” нь үнэн.   Чухам иймээс л үнэхээр бизнес эрхлэгчид аргаа барж байгаа бол асуудлаа ил гаргаж, амаараа хэлэх хэрэгтэй байна.

Тэгэхээр нэг талаар, бизнес эрхлэгчид өөрсдөө  улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүсийг ил далдаар дэмжиж, хөрөнгө мөнгөөр туслах ёсгүй юм. Нөгөө талаар бол Монголын бизнес эрхлэгчид нуувчнаасаа гарч, эх орончийн баг зүүгчидтэй тэмцэх шаардлагатай болсон гэсэн үг. Алийн болгон айж хулчийж, аль эсвэл тэвчиж, хүлээх ёстой юм бэ. Бизнес эрхлэгчид чимээгүй байх тусам популистууд энэ улсыг маань хорлон сүйтгэсээр л байх болно.

Эдийн засгийнхаа төлөө, эрх ашгийнхаа төлөө бизнес эрхлэгчид хэлд орох цаг болжээ. "Бүхэл бүтэн шарыг маань хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэгчээр бүхэл бүтэн улсын эдийн засгаар хоёр гуравхан хүн хангалттай тоглож дууслаа. Бизнес эрхлэгчид минь сэхээр, сэр, тэмц.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.