Сирийн хямралаас В.Путин юу хожих вэ?

Сирийн удирдагч Башир Асадын цэргүүдийг сургах, зэвсгээр хангах болон агаараас дэмжиж, уялдаа холбоогоо сайжруулах замаар Исламын улс бүлэглэлтэй үр дүнтэй тэмцэж болно. Энэ бол Кремлийн байр суурь. Харин Цагаан ордон "Башир Асад бол зандалчин, түүнийг Сирийн аядуу сөрөг хүчин түлхэн унагасны дараа Исламын улстай тэмцэж эхэлнэ” хэмээн зүтгэж байгаа. Аливаа нэгэн тусгаар улсын нутаг дэвсгэрт, зөвхөн тэр улсын хууль ёсны Засгийн хүсэлтээр эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу цэргийн үйл ажиллагаа явуулж болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч баталж байгаа бол Барак Обама эрх чөлөөний төлөө тэмцэл явуулахад хэнээс ч зөвшөөрөл авахгүй хэмээн зарласан.

 

2013 онд АНУ-ын толгойлсон эвсэл Сирийн дэглэмийг түлхэн унагаах асуудлыг нухацтай ярьж эхэлсэн тэр үед В.Путин Сирийн удирдагчийг нэгэнтээ аварч дөнгөсөн. "Өөрийн ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэж улаан шугам  давбал ямар ч эргэлзээгүй Асадыг түлхэн унагаана” гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама зарласны дараа оросууд тэр дор нь НҮБ-ын мандаттай шалгалт оруулж, Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгуулж чадсан.

Химийн зэвсэг байхгүй бол "улаан шугам" давахгүй. Нэгэнт тогтоосон шугамыг даваагүй юм чинь Б.Асад суудалдаа үлдэж болно. Энэ бол оросуудын логик. Үр дүнгээ ч өгсөн. Магадгүй, Б.Обама өөрийнх нь тавьсан шаардлагыг оросууд ингэж хурдан, өөртөө ашигтай байдлаар эргүүлнэ гэж санаагүй байх. Эсвэл НҮБ-ын нэрээр химийн зэвсгийг нь устгачихвал дараа нь өөрсдийн нь сургаж, зэвсэглэсэн Сирийн "аядуу" сөрөг хүчнийхэн Б.Асадыг түлхэн унагахад илүү хялбар гэсэн тооцоо байж болох юм. Аль нь байсан ч АНУ-д ашиггүй туссан.

Өнөөдрийг тэр үетэй харьцуулбал маш олон зүйл тодорхой болоод байна. АНУ-ын 500 сая ам.доллар зарлагадан бэлдсэн Сирийн аядуу сөрөг хүчний дайчид зэвсэг болон сурсан эрдмээ аваад Исламын улс /ИУ/-ын эгнээнд элсэн оржээ. Ер нь Сирид аядуу /хүний хоолой хэрчдэггүй, соёлын өв устгаж нураадаггүй/ сөрөг хүчин гэж байхгүй бололтой. Сирийн газар нутаг эсвэл Б.Асадын цэргүүд эсвэл ИУ-ын дайчид гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.

Мөн тэр үеэс хойш байлдагч талуудын хүчний харьцаанд онцын өөрчлөлт гарсангүй. Харин ИУ өөрийн хараат бүсийг тогтоож аваад НҮБ-д бүртгэлгүй л болохоос тэндээ тусгаар улс болохоор төвхнөж эхэллээ. Өөрийн мөнгөн тэмдэгт /өрийн бичиг/, санхүүгийн эх сурвалж /газрын тос болон хар тамхины наймаа/, татварын систем, хил хязгаар болон зэвсэгт хүчинтэй болсон, бүр голливудын хэмжээнд хүрэхүйц богино хэмжээнийг кино хийдэг болсон зэрэг нь бүрэн эрхт улс болохын өмнөх шат гэлтэй.

Гэтэл өнгөрсөн хугацаанд В.Путин Исламын улстай тэмцэх бодитой нэг ч алхам хийсэнгүй. Мэдээж, Б.Асадыг Ливийн М.Каддафи шиг нөгөө ертөнц рүү явуулахгүйн тулд зэвсгийн болон цэргийн зөвлөгчдийн хүрээнд тусламж үзүүлж байсан нь нууц биш. Кремлийн удирдагч Исламын улс хичнээн аюултай, хүрээгээ тэлвэл Кавказ хичнээн ойрхон байгаа талаар тун олон ярьсан. Тэрээр бас Оросын олон иргэн Исламын улсын эгнээнд элсэн Б.Асадын эсрэг байлдаж байгааг сайн мэдэж байгаа. Өдийг хүртэл  Сирийн удирдагчид амь тариа залгуулах төдий л тусламж үзүүлсээр ирсэн.

Харин Сирийн дэглэмийг хамгаалж, тулааны талбарт хүндийг үүрч, хамгийн их хохирол амсаж байгаа нь иранчууд билээ. Шашны хувьд шийтын урсгалыг баримталдаг Ираны удирдлагад алавит сүсэгтэн Б.Асад илүү ойрхон нь үнэн. Сирийн удирдагч унах л юм бол ИУ хамгийн түрүүнд шиит болон алавит сүсэгтнүүдийг хүйс тэмтэрнэ. Гэхдээ асуудлын гол нь шиит үү эсвэл суннит уу гэдэгт биш бололтой.

Ираны зүгээс ирж байгаа цэргийн дэмжлэг шашны гэхээс илүүтэй улс төрийн шинжтэй бололтой. Бүс нутгийн голлох тоглогч болохын хувьд Иран өөрийн өрсөлдөгч Саудын Араб болон Катараас санхүүгийн үндсэн дэмжлэгээ авдаг ИУ-тай тэмцэх хүндэтгэх шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, Иран ИУ-ын нууц эзэн болох Саудын Арабтай тэмцэл хийж байна. Сирийн хямрал аль хэдийнэ Б.Асад суудалдаа үлдэх үү үгүй юу гэдгээс хэтрэн бүс нутгийн болон их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөний талбар болж хувираад байна.

Тэгээд ч Б.Асадын тойрон хүрээлэгчид бүгдээрээ алавит сүсэгтнүүд биш ажээ. Түүнийг тойрон суннитуудыг оролцуулаад лалын шашны олон урсгалын төлөөлөгчид нэгдэн нэг том гэр бүл болж амжсан байна. Яг л монголчууд шиг. Бүгд бие биенийхээ "хэзээ, хаана, юу яасныг нь" мэднэ. Унавал бүгд хамт унана. Б.Асадын олон жил туршид хүчтэй эсэргүүцлийг тэсэн засгийн эрхэнд хэвээр байгаагийн бас нэг шалтгаан нь энэ юм.

Европ руу олноор орж ирэх дүрвэгчдийн асуудлаас үүдэн Сирийн хямрал хэр удаан үргэлжлэх вэ, оросууд Б.Асадыг цаашид дэмжих үү үгүй юу, хэн, ямар хүч энэ хямралыг зогсоож чадах вэ зэрэг олон асуулт тавигдах үед дахиад л В.Путин гарч ирлээ. Тэрээр өмнө нь Сирийн армид илгээж байсан амь тариа төдий тусламжаа эрс нэмэгдүүлж олон тооны сөнөөгч-бөмбөгдөгч онгоц, танк болон артиллерийн зэвсгүүдийг Сирийн нутагт байршуулаад амжлаа. Бүр цэргийн сургагч гэхэд дэндүү олон, нас залуу тэнгисийн явган цэргүүд илгээснээ огт нуусангүй. Угаасаа нуух гэж ч хийгээгүй бололтой. Сирид очсон цэргүүд нь сэлфидсэн зургаа интернетд тавьж, онгоцууд нь бидний зургийг аваач гэсэн байртай нисэх зам дээр ярайтал эгнэсэн байна. ИУ-ыг сөнөөх гэж байгуулагдсан, гэхдээ сөнөөж чадаагүй байгаа АНУ-ын толгойлсон эвслийнхэн гэнэт сандарч эхэллээ. В.Путин яах санаатай байна вэ?

Ер нь бол ямар ч дайнд зөвхөн агаараас бөмбөгдөөд ялалтанд хүрэхгүй. Агаараас бөмбөгдөх нь магадгүй дайсны хүчийг сулруулж болох ч тэднийг бүрмөсөн устгаж чадахгүй учраас бүрэн төгс ялалтанд хүрэхийн тулд яалт ч үгүй хуурай замын цэрэг оруулахаас өөр аргагүй гэдэг дээр цэргийн мэргэжилтнүүд бүгд санал нэгддэг. Гэтэл АНУ болон ОХУ-ын аль нь ч өөрийн цэргийг Сирид оруулж, ИУ-ын эсрэг тулаанд оруулахыг хүсэхгүй байгаа. Үүнийг ч В.Путин НҮБ-ын хэвлэлийн бага хурал дээр батлан хэлсэн. Үүний хариуд америкчууд В.Путиныг хэдэн онгоц Сирийн нутагт байршуулаад, биднийг чулуу хөөлгөж байна хэмээн хардахад нь Иран, Ирак болон Сиритэй хамтарсан ИУ-тай тэмцэх эвсэл байгуулснаа зарлаж орхилоо. Бүр Иракийн нутагт байлдааны ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох төв байгуулснаа мэдэгдэж эсрэг талаа буланд шахаж амжлаа. Нэг ёсондоо суннит-католик эвслийн эсрэг шиит-ортодокс эвсэл байгуулсан байна.

Оросууд Афганистан болон Чеченд явуулсан дайны гашуун сургамжаа мартаж чадаагүй байхад В.Путин Сирийн нутагт жинхэнэ байлдааны ажиллагаа явуулж чадахгүй хэмээн барууны олон улстөрч нотолсон. Гэтэл оросын онгоцууд "Б.Асадаас бусад нь бүгд террорист" гэдэг уриан дор Сирийн армийн зааж өгсөн цэгүүдийг бөмбөгдөж эхэллээ. В.Путин ухрахгүй нь бололтой.

Оросын зарим онгоц Сиритэй хил залгаа, Б.Асадыг унавал тун их баярлах учиртай, НАТО-ын гишүүн хөрш Туркийн агаарын хилийг хэдэнтээ зөрчөөд авлаа. Туркийн агаарын хүчний бэлэн байдлыг шалгасан уу эсвэл санамсаргүй тохиолдол уу гэдгийг хэлэхэд төвөгтэй. Тэр битгий хэл Каспийн тэнгист байрлах Оросын хөлөг онгоцууд байлдааны ажиллагаанд оролцож, ИУ-ын байрлал руу Иран болон Иракийн нутгаар дайруулан далавчит пуужин харваж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд олон цэргүүдээ тулааны талбарт алдаж /зарим нь оргосон эсвэл эсрэг талд орсон/, хүн хүчний хувьд ихээхэн суларсан Сирийн армийг Ираны тусгай хүчний цэргүүд "шинэ цусаар сэлбэж" эхэллээ. Удахгүй Сирийн арми хуурай замын томоохон ажиллагаа явуулах шинжтэй.

 

Сирийн хямралаас В.Путин юу хожих вэ?

  • Оросууд бид бусадтай адилхан геополитикийн эрх ашигтай, түүнийгээ бас хамгаалах чадвартай гэдгээ дэлхий нийтэд, ялангуяа АНУ-д харуулах,
  • Бид зөвхөн хөрш Украины хямралд орооцолдсон бүс нутгийн тоглогч биш, харин дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх чадвартай их гүрэн гэдгээ нотлох,
  • Дүрвэгчдийн хөлд дарагдаад байгаа Франц болон Германы талыг Украины удирдлагад хүчтэй нөлөө үзүүлэх хэмжээнд хүртэл нь шахах боломжийг бий болгох,
  • Мэдээж, В.Путины өөрийнх нь хэлснээр терроризмтой тэмцэх хамгийн оновчтой арга бол "тэднийг манай нутагт орж ирэхээс нь өмнө устгах",
  • Ойрхи Дорнодын шиит болон суннитын тэмцэлд Иран, Иракийн эрх ашгийг хүндэтгэж, хүчний харьцааг тэнцвэржүүлэх,
  • Уламжлалт найрсаг харилцаатай, Оросын зэвсгийн томоохон худалдан авагч Сирийн удирдагч Б.Асадыг аврах,
  • Оросын тэнгисийн цэргийн хүчин Газар дундын тэнгист байрлах цорын ганц боомт-Тартусыг хадгалж үлдэх.

Нэг ёсондоо Сирийн хямралд оросууд идэвхитэй оролцсоноор В.Путин нэг сумаар хоёр биш бүр нэлээд хэдэн туулай буудах оролдлого хийлээ. Гэхдээ хэр үр дүнтэй вэ гэдгийг хэлэхэд арай эртдэх болов уу. Ямар ч байсан өнөөгийн нөхцөл байдал В.Путины талд ашигтай байна. 

А.БИЛГҮҮН

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Danice 14 April 2017 21:11 5.188.211.170
Why are there so many bad kinect games? I love the kinect but some times it seems develops never test out the games. Hopefully more developers will start doing this or else the kinect will die off like most bad console exsersosiec.

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.