Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулахаар яригдаж байна

Монголын улс төр гацаанд ороод байгаа талаар ярьж, хэлэх судлаач, ажиглагч их болсон. Тэдэн дунд энэ байдлаас гарах гарцыг Үндсэн хуулийн өөрчлөлт гэж харж байгаа нь цөөнгүй байна. УИХ ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах ажлын хэсгийг 2013 онд байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр жил орчим улс төрийн намууд, судлаачидтай санал солилцсоны дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн. Энэ дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дараагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулаад байгаа юм.

Ажлын хэсгийн зүгээс ямар нэг албан мэдээлэл тараагүй ч хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг хийх нэгдмэл ойлголтод хүрээд байгаа аж. Одоогоор хэлэлцүүлгийн шатанд байгаа төслөөр дараах өөрчлөлтийг оруулах санал байгаа аж. Үүнд,

  • Засгийн газрын бүтцийг хуульчилж өгөхөөр яригдаж байна. Одоо яригдаж байгаа хувилбараар есөн яам байх юм. Тухайлбал, Сангийн яам, Дотоод хэрэг, хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам,
  • Давхар дээлийн тухайд, "Засгийн газрын гишүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” хэмээн хязгаарлана,
  • Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсонд тооцох,
  • УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь өргөн баривал УИХ асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэнэ,
  • Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчдийн дотороос олонийн саналаар, бусад шүүхийн шүүгчдийг Ерөнхийлөгч зарлиг гарган томилно,
  • Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилна,
  • ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулна,
  • Аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлнө.
Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол парламентын ээлжит сонгууль явагдахаас дор хаяж зургаан сарын өмнө хийх ёстой. Хэрвээ энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл энэ ондоо багтаан УИХ хэлэлцэн батлах учиртай.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.