Парламент 25: Тоо баримтууд

  • 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурлыг гишүүнтэйгээр эхэлсэн нь өнөөгийн парламентын түүхийн эхлэл байлаа. Гишүүд "Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай, бүрэн улс мину бүү алдартугай” хэмээн тангараг өргөжээ.

 

  • Улсын Бага хурлын гишүүдийг 1990 оны долдугаар сарын 29-нд анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий сонгуулиар сонгосон. Энэ сонгуулиар МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам 4, Монголын Үндэсний Дэвшлийн Нам гурван суудал авчээ.
  • Улсын Бага Хурал хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоожх олон хууль, тогтоол, олон улсын гэрээ хэлцлийг баталж Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурал түүний гишүүд, Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэлж баршгүй гавьяа мөн.
  • Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан мэтгэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсанаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд найрамдах улс болсон юм.
  • Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж,  парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлж,  "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага  мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”  гэж заасан байна.  
  • Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд нийт зургаан удаа парламентын сонгууль болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгууллаа.
  • Монгол Улсын хувьд 1990-1992 онд   байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсонд жинхэнэ утгаар шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал  хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон гэж үзэж болно.
  • Улсын Их Хурлын сонгууль 1992 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай 76 тойрогт мажоритар тогтолцоогоор, 2008 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор,  2012 онд Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын зарчмаар 26 тойргоос шууд мажоритар, үлдсэн 28 нь пропорциональ тогтолцоогоор явагдсан байна.


  • 2012 оны Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгуулийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган  явуулж, гадаадад байгаа сонгогчдыг оролцуулан сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулсанаараа онцлогтой.
  • Сонгуулийн үр дүнгээр 1992, 2000 онд МАХН,1996 онд МҮАН-МСДН-ын "Ардчилсан холбоо” эвсэл дангаараа, 2004 онд МАХН-"Эх орон-Ардчилал” эвсэл, 2008 онд МАХН- Ардчилсан Нам хамтарч Засгийн газраа байгуулсан бол  2012 онд олон суудал авсан Ардчилсан Нам "МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна.
  • 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент  хамгийн олон намын төлөөлөлтэй, гурван намын бүлэгтэй, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон эмэгтэй гишүүдтэй гэдгээрээ онцлогтой.
  • Улсын Бага Хурал болон зургаан удаагийн парламент 25 жилд Анхдугаар хуралдааныг зургаанудаа, ээлжит чуулганыг 47 удаа, ээлжит бус чуулганыг 12 удаа, хүндэтгэлийн хуралдааныг 22 удаа хийж бие даасан хууль 454, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль  2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 330, хууль хүчингүй болсон тухай хууль 145, Улсын Бага Хурлын тогтоол 167, Улсын Их Хурлын тогтоол 1779, нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэж баталжээ.
  • Монголын парламент ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан удаа зарлан зохион байгуулж ард түмнээсээ сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа. Улсын Их Хурлын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 12 удаа, Н.Багабанди 21 удаа, Н.Энхбаяр 17 удаа, Ц.Элбэгдорж 11 удаа үг хэлсэн байна.


  • Улсын Бага Хурал болон зургаан удаагийн Парламентад давхардсан бус тоогоор 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр  сонгогдон ажилласны дотор 7 удаа сонгогдсон гишүүн 2, 6 удаа сонгогдсон гишүүн 2, 5 удаа сонгогдсон гишүүн 4, 4 удаа сонгогдсон гишүүн 14, 3 удаа сонгогдсон гишүүн 30, 2 удаа сонгогдсон гишүүн 68, 1 удаа сонгогдсон гишүүн 206байна.
  • Улсын Бага Хурал болон зургаан удаагийн Улсын Их Хуралд сонгогдсон хүний  321 буюу 98,5 нь дээд боловсролтой, 2 буюу 0,6 хувь нь тусгай дунд боловсролтой, 3 буюу 0,9 хувь нь бүрэн дунд боловсролтой, 27 буюу 8,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд гишүүдийн 19,6 хувь нь 25-35 насны,  47,0хувь нь 36-45 насны, 33,4 хувь нь 46-гаас дээш насны, мэргэжлийн хувьд 20,8 хувь нь эдийн засагч, 12,6хувь нь багш, 28,5 хувь нь инженер, 13,2 хувь нь хуульч, 2,8 хувь нь сэтгүүлч, 0,6 хувь нь малчин, 21,5 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна.
Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.