Салаа замаар яваа Ерөнхийлөгч болон Спикер

Монгол улсад байнгын ажиллагаатай парламент бий болсоны 25 жилийн ой өнгөрөгч Ням гаригт /2015.09.13/ тохиож, энэ ойд зориулан Хүндэтгэлийн чуулган өчигдөр хуралдлаа. Хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар үг хэллээ. Энэ гурван хүний хэлсэн үг, тэр дундаа УИХ-ын даргын болон Ерөнхийлөгчийн хэлсэн үг эсрэг тэсрэг байсан нь олны анхаарлыг татаж байна.  

 

1990 онд Монгол улс ардчилсан хөгжлийн шинэ баримжааг чигээ болгон сонгосон бөгөөд энэхүү сонголтыг баталгаажуулан бэхжүүлэхэд байнгын ажиллагаатай парламентын гүйцэтгэсэн үүрэг их байсан гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд үгэндээ онцолсон бол Ерөнхийлөгч энэ дүгнэлтийг үгүйсгээгүй ч улс төрийн өнөөгийн байгаа байдлыг "ёрын” хэмээн тодорхойллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс хатуу үгтэй, шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлэх болсоор удаж байгаа.
Хуулийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгч парламентад суудалтай аль нэг намаас нэр дэвшигдэн сонгогдох боловч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ намын харъяаллаасаа татгалздаг. Энэ нь аливаа зүйлд төвийг сахисан байр суурь баримталж, улс төрийн аливаа эрх ашгаас ангид байж, зөвхөн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Чухам энэ байр сууринаас хандаж, монгол төрийг шинэчлэх том ажлыг эхлүүлсэн ч энэ санаачилгаа хэрэгжүүлэхээр боловсруулсан хуулийн зарим нь парламентын босго давж чадалгүй унаад байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг албыг давхар хашихыг хориглох хууль. Энэ хуулийн үзэл санааг суурь болгон Засгийн газрын шинээр томилогдох сайдуудыг парламентын гаднаас томилохыг зөвлөсөн ч УИХ өнгөрсөн долоо хоногт шинэ сайдуудыг томилсон. Чухамхүү энэ шинэ сайдуудыг томилсон явцыг үнэт зарчмаасаа ухарсан, жигшим үйлдэл гэсэн байр суурийг Ц.Элбэгдорж илэрхийллээ. Гэсэн ч ийм үйл явц ганц өнөөдөр Монголын улс төрд шинээр бий болоогүй, ийм л үйл явц дундуур өөрөө ч туулан ирсэн нь үнэн. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Ерөнхийлөгч саран дээрээс бууж ирсэн хүн биш” хэмээн хоёр долоо хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг санах хэрэгтэй.

Засгийн газрын томилгоог УИХ-аас салгах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ цохон тэмдэглэсэн бөгөөд үүнийг хэрэгжүүлэх гарц нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь тийм хүсэх зүйл биш” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн УИХ-аас баталсан хуулийг Засгийн газар хэрхэн хэрэгжүүлж байгаад тавих хяналтаа УИХ чангатгах учиртай гэв.

Ийнхүү Ардчилсан намын хоёр лидер салаа замаар яваа гэдгээ ойлгууллаа.

Н.ЗАМБАГА

УИХ-ын дарга З.Энхболдын үгийг http://www.parliament.mn/news/parliament25/categories/3192/pages/24489 линкээр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг http://video.news.mn/video/14850.shtml линкээр тус тус үзнэ үү.

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.