Ардчилсан намын лидерүүдийн зөрчил дээд цэгтээ хүрлээ

Ардчилсан намын лидерүүдийн зөрчил дээд цэгтээ хүрээд байна гэж дүгнэж болохоор байна. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн гурван толгой бие бие үгүйсгэсэн шийдвэр гаргадаг болоод удаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр өрнөсөн үйл явцыг харахад учиртай гурван толгой нэг ширээний ард суух боломжоо улам хаасаар байна.

 

Энэ гурван толгой дундаас өнөөдрийн байдлаар улс төрийн ирээдүй нь тодхон харагдаж буй хүн нь спикер З.Энхболд. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн Ардчилсан намын дүрмийг зөрчин намын дарга болоод хууль тогтоох засаглалыг тэргүүлж байгаа энэ хүний гаргаж байгаа шийдвэрүүдээс өөртөө итгэлтэй байдал улам мэдрэгдэх боллоо. Ч.Сайханбилэгийн тухайд тэртээ тэргүй парламентын мэдэлд байгаа хүн.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн хамгийн үе дээрээ байгаа хүн. Хуулиар олгогдсон эрхийн дагуу Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхээ эдэлж байгаа тэрбээр 2017 онд хүссэн хүсээгүй суудлаасаа бууна. Бүрэн эрхийнхээ эхний хугацаанд авлигатай тэмцэж, хууль, шүүхийн шинэтгэл голлон ярьж байсан Ц.Элбэгдорж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол төрийг шинэчлэхийн төлөө тэмцэл эхлүүлээд байгаа. Тэмцлээ шаардлагатай хуулиудыг батлуулах замаар хийнэ гэж тооцсон ч түүний төлөвлөсөн 10 орчим хуулийн төслөөс УИХ-аар дэмжигдэн батлагдаж хэрэгжиж байгаа ганц хууль нь Шилэн дансны хууль юм. Түүний өргөн барьсан хуулиудаас хамгийн их хэл ам дагуулсан нь "давхар дээл” гэж нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг албыг давхар хашихыг хориглох тухай хууль юм. Харамсалтай нь энэ хуулийг УИХ дэмжээгүй. Чухамхүү дэмжигдээгүй унасан энэ хуулийн зарчмыг баримтлан өнгөрсөн Баасан гаригт /2015.09.04/ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан шинэ сайдуудын нэрсийг дэмжихгүй гэдгээ Бямба гаригт /2015.09.05/ албан ёсоор мэдэгджээ. Гэвч Ерөнхийлөгчийн дэмжих үгүй нь хамаагүй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн хариу мэдэгдсэн нь Ц.Элбэгдоржийг өнөөгийн улс төрд нөлөө багатай болсоныг нотолсон хэрэг.

Монголын өнөөгийн улс төрийн залуур дээр улс төрийн нэг нам дангаар сууж байгаагаараа онцлог. Энэ боломж 2012 оны парламентын сонгуульд Ардчилсан нам олон суудал буюу 76 суудлаас 35-ыг авсан, мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр улиран сонгогдсоноор бий болсон юм.

1990 онд Монголд ардчилсан үйл явцыг эхлүүлж, нийгмийн шинэ хөгжлийн замыг тавьсан гавъяа Ардчилсан намд бий. 1996 онд сонгогчид Ардчилсан намд итгэл хүлээлгэж парламентад үнэмлэхү олонх болгож өгсөн ч Ардчилсан нам энэ буяныг даагаагүй юм. Сөрөг хүчний оролцоотойгоор Ардчилсан нам дотроосоо задарч дөрвөн жилийн хугацаанд дөрвөн засаг сольсон. Түүнээс хойш 12 жилийн дараа сонгогчид Ардчилсан намд дахин итгэл үзүүлж Монгол төрийн эрхийг дангаар барих боломжийг олгоод байгаа нь энэ юм. Харин энэ алтан боломжийг нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл нь бүрмөсөн үгүй хийж мэдэхээр болоод байна.

Өнөөдөр /2015.09.07/ УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж байна. Энэ чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хориг болоод мөн түүний дэмжихгүй байгаа сайдуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Шийдэл учиртай гурвын хэний талд гарах нь сонин байна.

Н.ЗАМБАГА      

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.