Хятад дэлхийн төв тоглогч болсоноо нотоллоо

БНХАУ анх удаагаа Чөлөөлөх дайны 70 жилийн ойг сүр жавхлантайгаар тэмдэглэлээ. Дэлхийн II дайн албан ёсоор дууссан өдрийг 1945 оны есдүгээр сарын 2 хэмээн үзэж ирсэн. Тухайн үед дэлхийн улс түмнүүдэд Европ тивд Гитлерийн Герман, Ази тивд Японы милитаристууд гэсэн хоёр хүчин заналхийлж байсан. Гитлерийн Герман 1945 оны тавдугаар сарын 9-нд үг дуугүй бууж өгч, 1418 хоног үргэлжилсэн дайны Европ дахь голомт дарагдсан бол мөн оны есдүгээр сарын 2-нд АНУ-ын "Миссури” хөлөг онгоц дээр Японы эзэн хааны нэрийн өмнөөс Гадаад хэргийн сайд М. Сигэмицу, Японы Жанжин штабын дарга Ё. Умэжу нар үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зурсанаар зургаан жил үргэлжилж 60 гаруй улс орныг хамран, 50 сая хүний амь насыг бүрэлгэсэн Ази дахь дайны голомт дарагдсан.
 

 

Энэ жил энэ түүхэн ойн 70 жилийг ОХУ тавдугаар сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалт нэрээр, сая есдүгээр сарын 3-нд БНХАУ Чөлөөлөх дайны ялалт нэрээр тэмдэглэлээ.

Монгол улсын хөрш хоёр гүрэн энэ түүхэн ойг өндөр дээд хэмжээнд тэмдэглэсэн олон зүйлийг өгүүлж байна. Юун түрүүн, 1945 онооос хойш дэлхийн улс төрд ноёрхож ирсэн АНУ тэргүүтэй барууны орнуудын улс төрийн дэглэлтийн эсрэг Евро-Азийн хүчирхэг нэгдэл бий болсоныг харууллаа. Нэн ялангуяа Крым болон Украины хэрэг явдлаас хойш АНУ болон барууныхантай түнжин хагарсан ОХУ дорно зүгийн түншлэлээ эрхэмлэх болсон нь энэ нэгдлийг улам батжуулж байгаа юм. 1945 оноос хойш ОХУ-БНХАУ-ын харилцаа хэзээ ч ийм халуун дулаан, найрсаг байгаагүй. Хийн хоолой, Торгоны зам зэрэг эдийн засгийн мега төслүүдийг хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Хоёрдугаарт, өөрсдийгөө дэлхийн төв гэж хэдэн зууны турш бодож ирсэн хятадуудын бодол бодит болоход дэндүү ойр байгааг харууллаа. XXI зуун Хятадын зуун байх болно гэж өнгөрсөн зууны сүүлчээс бичиж ирсэн шинжээч, ажиглагчдын таамаг эдүгээ биеллээ олж байна. Асар уудам газар нутаг, дэлхийн хүн амын долооны нэг нь амьдран сууж буй хөлгүй их зах зээл, эдийн засгийн ололт, улам бүр дээшилсээр байгаа хүн амынх нь амьжиргааны түвшин зэрэг нь дэлхийд эргэлдэж байгаа мөнгөн урсгалыг соронз мэт татсаар байна. Маккензи компанийн тооцоогоор 2025 он гэхэд нэг саяас дээш хүн амтай хотын тоо 220, таван саяс дээш хүн амтай хотын тоо 23 болж нэмэгдэнэ. Энэ нь таван саяс дээш хүн амтай хотын 40 хувь нь Хятадад байна гэсэн үг. 1990 оноос хойш Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь гурав дахин өссөн 250 хот байна. /Эдгээр тоо баримтыг Жонатан Войцел, Жеффрей Тоусен нарын "Хятадыг нэг цагт” номоос эшлэв/ Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг Олон улсын валютын сангийн нөөцийн валютын тоонд оруулах эсэх бараг нааштайгаар шийдэх гэж байна. Мөн 1945 оноос хойш хөдөлгөөнгүй явж ирсэн НҮБ-ын дүрмэнд өөрчлөлт оруулах санал гишүүн орнуудын зүгээс хүчтэй тавьж байгааг БНХАУ дэмжиж байгаа. Хятад улс ихээхэн жинтэй оролцдог Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжүүлж, гишүүнчлэлээ тэлж байгаа, мөн БРИКС орнуудын хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа, энэ хавар үйл ажиллагаагаа эхэлсэн Азийн дэд бүтцийн хөгжлийн банк нь 1945 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн санхүү, хөрөнгө оруулалтын орчинд голлон тоглож ирсэн ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудтай өрсөлдөнө гэж олон хүн харж байгаа зэрэг нь Хятад аль хэдийнэ дэлхийн төвийн тоглогч болсоныг харуулж байна.

Бээжингийн ялалтын парад бүх зүйлийг албан ёсоор нотоллоо.

Н.ЗАМБАГА

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.