640 тэрбумын татварын өр өршөөлд хамрагдах боломжтой

УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хуулийн зорилго нь далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөн хөрөнгийг ил болгох юм. Тус хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөвөөр санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр  бүртгүүлбэл хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга С.Баярцогтын өчигдөр /2015.09.02/ өгсөн мэдээллээр хуулийн хэрэгжих хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 24.00 цагт дуусна.

Энэ хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татвар, Гаалийн албан татварын зөрчилтэй хувь хүн, аж ахуйн нэгжийн зөрчлийг өршөөх бөгөөд хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална. Хуульд хамрагдан зөрчлөөс өршөөгдсөн субъектэд "Эдийн засгийн ил тод байдал гэсэн тэмдэглэгээтэй шинэ эхлэлтийн баланс үүсгэх аж.

"Хууль хэрэгжиж эхэлснээр бизнесийнхэнд ирдэг хууль хяналтын байгууллагынхны дарамт арилна, нөгөө талдаа бизнесийн эрүүл орчноос ажлаа эхлүүлэх таатай боломж бүрдэнэ С.Баярцогт хэллээ.

С.Баярцогтын мэдээлснээр ҮТЕГ-ын мэдээллээр 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа аж. "Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлдэг. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг бол биш. Графикийнхаа дагуу татвараа төлөх бололцоогүй байгаа компаниуд өр гэсэн үг” хэмээн С.Баярцогт хэллээ.

Үүний өмнө 2007 онд Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед нийт компаниудын ердөө хоёрхон хувь буюу 2800 орчим аж ахуйн нэгж л хамрагдсан байдаг юм. 2007 оны өршөөлийн хуулиар тав орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрч байжээ.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.