Ц.Элбэгдорж ялах уу, З.Энхболд дийлэх үү?

МАН-ын зургааг засгаас хөөсөн  биш орных нь хүмүүсийг тодруулж чадахгүй Ардчилсан намынхан бүр ч алиа байдалд оржээ.  Бүлгийнхээ 35 хүнээс гурван сайныг нь  шүүж чадахгүйдээ Ч.Сайханбилэгийн засгийг бүрэн бүтэн болгохгүй удаад байгаа юм биш, гагцхүү бүлэглэлүүдийн зүгээс  эрх ашгийг нь төмөр замын бодлого дээр хамгаалж чадах хүнээ тавих гэж хоорондоо хэмлэлдээд байгаа хэрэг.

 

Хэрэв  Л.Эрдэнэчимэг Зам тээврийн сайдаар очвол З.Энхболдын бодлого тэнд үйлчилнэ. Харин Г.Батхүүг Зам тээврийн сайд болговол Ц.Элбэгдорж, С.Баяр нарын Тавантолгойд эзэн суух санаа биеллээ олно.  Энд иргэдийн эрх ашиг,  хоёр сая хүний хоосон хувьцааны тухай ярих бүр хэрэггүй.

Нэгийн эсрэг хоёр гэгчээр Тавантолгой дээр УИХ-ын дарга З.Энхболдын эсрэг улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамтран тэмцээд ч  түүнийг "хаан” суудлаас нь буулгаж чадахгүй байгаа юм. Эндээс зөвхөн нэг л зүйл илүү тодорхой харагдаж байгаа. Хэрэв энэ зодоонд З.Энхболд ялбал, тэр ирээдүйн Ерөнхий сайд, энэ улсын "эзэн” болох юм. Учир нь, энэ намрын чуулганаар  шинэчлэх батлахаар яригдаж байгаа Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Үндсэн хууль  ажлын хэсгийнхний гаргасан эхний хувилбараар батлагдвал ирээдүйд хэн Ерөнхийлөгч болох вэ гэхээсээ хэн Ерөнхий сайд болох вэ гэсэн тэмцэл өрнөх юм.

Хэдийгээр одоохондоо УИХ дарга З.Энхболд АНУ-д, Ерөнхийлөгч Хятадад ажлын айлчлал хийж байгаа ч ирэх долоо хоногт энэ улсын эзэн хэн байхыг тодруулсан тоглолт жинхэнэ утгаараа улс төрд өрнөх бололтой. Учир нь УИХ-ын даргын зүгээс Ерөнхий сайдыг энэ сарын 7 гэхэд сайдуудынхаа асуудлыг өргөн барих, үгүй бол хариуцлага тооцно гэсэн сүрдүүлгийг зөвлөхөөрөө дамжуулан дуулгажээ.  Түүний хариуд Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг танхимын сайд нараа өчигдөр өглөө дуудан уулзаж, засгийн асуудлыг ярилцжээ. Гэхдээ тэрбээр "Шонхор”-ын сайдуудтай уулзаагүй сурагтай. Мөн хэрэв З.Энхболд сайдуудаа  өргөн барихыг шахаж эхэлбэл, Ч.Сайханбилэг өөдөөс нь ҮЗХ-г хуралдуулахыг шаардсан гишүүдийнхээ шаардлагыг өргөн барихаар төлөвлөж. ҮЗХ-ны гуравны нэг нь зөвшөөрсөн тохиолдолд хурлыг зарлан хуралдуулах дүрэмтэй юм.

Ч.Сайханбилэг бүлгийнхээ хуралдаанд Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нартай хамтарч ажиллахгүй гэдгээ хэлсэн.  Мэдээж, өөрөө ч тэдэнтэй хамтарч ажиллах сонирхол байхгүй байсан биз. Бас өөр нэг хүн ч түүнд ингэж үүрэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, бүлгийн хурал болохоос өмнө тэрбээр засгийн асуудлаар   Ерөнхийлөгчтэй ганцаарчилан уулзсан гэх мэдээлэл бий.  Ц.Элбэгдоржийн хувьд Л.Эрдэнэчимэгийг "таалахгүй” байх нь аргагүй.  Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр намрын чуулган хүртэл ямар ч байсан сайд нарын асуудлыг хөндөхгүй байхаар тохиролцсон бололтой.  Намрын чуулган хүртэл засгаа эмхлэх сонирхолгүй байгаа Ерөнхий сайдад Ерөнхийлөгч чухам юу гэж зөвлөсөн нь сонирхол татсан хэвээр.

Өчигдөр Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхээр хэлэлцэж, экс Ерөнхий сайд энэ хуралд гэрчээр оролцсон. Тэрбээр Тавантолгойг авах бүлэглэлийн эсрэг зогссоныхоо хариуд огцорсон гэдгээ онцлоод энэ бүхний эсрэг олон арван баримт байгааг дуулгав.  Тэгэхээр Тавантолгойг авах гэсэн бүлэглэлийн санаархалд Н.Алтанхуяг саад болсноосоо болж огцорсон бололтой. Өөрийнх нь хэлснийг энд иш татвал шүү дээ.

Энэ удаад Н.Алтанхуяг З.Энхболд нар санаа нэгдсэн. Өршөөлийн хууль барьж буйбайр суурь нь ч адилхан  байгаа гэх. Тэгэхээр Ц.Элбэгдорж, С.Баяр нарын эсрэг З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, Х.Баттулга нар нэгджээ. Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй. Мөнхийн эрх ашиг гэж байдгийн сонгодог жишээ юм даг уу даа. 

З.Энхболд  энэ сарын 7-нд ээлжит бус чуулган зарлах, үүнээс өмнө сайдуудын асуудлаа оруулж ирэхийг Ч.Сайханбилэгээс УИХ-ын даргын хувиар хүссэн. Харин намын даргын хувиар хэрэв Ч.Сайханбилэг үгэнд нь орохгүй бол огцруулах асуудал хөндөгдөж болзошгүй байгаа аж. Энэ тохиолдолд Ц.Элбэгдорж чимээгүй хараад суухгүй.  Тэгэхээр ирэх өдрүүдэд хэнийг Зам тээврийн сайд болгохоос  Ц.Элбэгдорж ялах уу, З.Энхболд дийлэх үү гэдэг нь тодорхой болох юм. Эрх мэдлийг хүч, хүн дагадаг гэгчээр өмнө Ц.Элбэгдоржийн өмнө бөхөлздөг байсан улстөрчид энэ удаад З.Энхболдыг балиашиглаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг байсан Л.Эрхэмбаяр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг авснаасаа хойш  Ц.Элбэгдоржийн үгийг тоож сонсохоо байсан худлаа биш шүү дээ.

 Б.ГЭРЭЛТЦЭЦЭГ

 

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.