Зүүн бүсэд зөвшөөрөл өгөх ажил 31 хүртэл хойшиллоо

 

Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл нутгийн баруун хагаст зөвшөөрөл олгож байсан бол энэ долоо хоногийн Даваа гариг буюу наймдугаар сарын 24-нөөс зүүн хагаст зөвшөөрөл олгож эхэлсэн. Даваа гаригийн өглөөний 9.00 цагт эхэлсэн цахим дугаар олголт ердөө хоёр минутын дараа зогсчээ. "Өглөөний 09.00 цагт дугаар олголт хэвийн эхэлж 51 аж ахуй нэгжид дугаар олгосон боловч 09.02 минутаас эхлээд логин серверээс хариу өгөхгүй болж систем 34 минутын хугацаанд доголдсон. Иймээс Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв, Кибер аюулгүй байдлын газар болон хөгжүүлэгч компаниудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай хуралдуулсан юм. Систем доголдсон шалтгааныг логин серверийн ачаалал тооцоолсон хэмжээнээс хэт ихэссэнээс болсон гэж ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнээд байна” хэмээн Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр учир шалтгааныг тодруулахаар Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хандаад байгаагаа хэлсэн. Дугаар олголтыг нэг долоо хоногоор хойшлуулж, ирэх Даваа гариг буюу наймдугаар сарын 31-ний өдрийн өглөөний 09.00 цагт дахин эхлүүлэхээр болжээ.

 

Өдөртөө цахимаар 120 дугаар олгох тохиргоотой бөгөөд наймдугаар сарын 24-ны өдөр хоёр минутад 51 аж ахуйн нэгжид дугаар олгоод систем гацжээ. Нэгэнт дугаар олголтыг хойшлуулсан учраас хоёр минутад дугаар авч амжсан 51 аж ахуйн нэгжийн дугаарыг хүчингүйд тооцсон дугаараа авч амжсан компаниудын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Мэдээг хэвлэх

Сэтгэгдэл:

Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:

Зорхиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.