Home > Онцлох мэдээ / Эдийн засаг > Монголчууд ирэх жил үнэтэй талх иднэ

Монголчууд ирэх жил үнэтэй талх иднэ


2015-08-26, 16:19. Author: admin

Монголчууд ирэх 2016 онд одоогийнхоос үнэтэй талх идэх нь тодорхой байна. ХХААЯ-наас гаргасан мэдээгээр энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна.

 

Хаван тариалсан ургацын ид болцын үед хэт халуун, хур багатай байсны улмаас анх тариалсан талбайн 49.9 га талбайн ургацын алдах нь тодорхой болоод байгааг ХХААЯ мэдээлж байна. Монгол Улсын жилийн хэрэгцээт 250 мянган тонн гурилыг үйлдвэрлэхийн тулд 320 мянган тонн буудай хэрэгтэй юм. Ургац алдсаны улмаас ирэх жилийн хэрэгцээг хангахын тулд 100 гаруй мянган тонн буудай дутах юм. Энэхүү дутагдаж байгаа буудайг импортоор хангахаас өөр аргагүй. Монголын гурилын үйлдвэрүүд хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан чанартай гурил үйлдвэрлэхийн тулд импортоор буудай авдаг. Гэсэн салбарын яамны зүгээс импортоор буудай их хэмжээгээр авах нь дотоодын үнийн бодлогод нөлөөлдөг гэж үзэн яам өөрөө импортын гэрээ байгуулж, орж ирсэн хойно нь гурилын үйлдвэрүүдэд худалддаг.

Энэ жилийн дутагдаж байгаа буудайг гаднаас худалдан авахад 80 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ мөнгийг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Улаан буудайг ОХУ-аас импортолно.

Өнгөрсөн жил Монголын тариаланчид рекорд хэмжээний буюу 350 мянган тонн улаан буудай хураасан. Ийм хэмжээний ургац авахад өнгөрсөн жилийн цаг агаарын таатай нөхцөл нөлөөлсөн.


Go Back