Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон > Сонгуулийн хуулийг зөрчсөн иргэнийг 20 сая, ААН-ийг 200 саяар торгоно

Сонгуулийн хуулийг зөрчсөн иргэнийг 20 сая, ААН-ийг 200 саяар торгоно


2020-05-28, 13:48. Author: nara

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/ ирэх зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих асуудлаар өнөөдөр /2020.05.58/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.5, 46.13 , 48.1.7, 48.7 дахь хэсгүүдэд заасан дөрвөн заалтын хэрэгжилтэд ШӨХТГ хяналт тавьж ажилладаг. "Үүнд сонгуулийн сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалт хамаарна" хэмээн ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл хэллээ.

Тухайлбал, сонгуулийн тухай хуульд радио телевиз нь  мэдээллийн хөтөлбөрөөрөө нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын талаар мэдээллийг  хүргэхдээ бодит тэнцвэртэй нэг талыг барихгүй хараат бус байх зарчмыг баримтална гэж заасан. Энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд хамаарна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн редакцын бэлтгэсэн  мэдээ мэдээллийнхээ дундуур сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ дээрх зарчмыг баримталж ажиллах шаардлагатай.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж  ашиглан улс төрийн шинж чанартай чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх. 
  • Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан гаргах, эсхүл огт гаргахгүй байх талаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. 
  • Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш арав хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. Үүнтэй холбогдох журам мөн гарсан. Тус журамд зааснаар тайлангаа олон нийтэд мэдээлээд, тэр даруйдаа ШӨХТГ-т тухайн тайлангаа нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлнэ гэж заасан.

Сонгуулийн жил эхэлснээс хойш багагүй зөрчил гарсан. Тухайлбал, дөрвөн телевиз, нэг сайттай холбоотой зөрчил гарсан. ТВ-4, ТМ, ТВ-10, Боловсрол суваг телевизтэй холбоотой зөрчил гарсан бөгөөд эдгээр телевизүүд ихэвчлэн улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж хууль зөрчсөн. Үүнээс гадна цахим орон зайд зөрчил маш ихээр гарч байна. ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж, зөрчил гаргасан 43 хаягийн хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.

Цахим орчинд маш олон гишүүнтэй группууд байдгийн  нэг нь "Иргэдийн дуу хоолой” гэсэн групп. Тус группт хувь хүмүүсээс хууль зөрчсөн зүйлүүдийг маш их оруулдаг учраас тус группийн админыг ШӨХТГ ирүүлж, хууль зөрчсөн үйл ажиллагааг нь анхааруулж, зөвхөн админы зөвшөөрөлтэй зүйлийг нийтэлж, хууль зөрчсөн мэдээллийг нийтлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг сануулсан. Дээр дурдсан дөрвөн заалтуудаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх заалт хамгийн ихээр зөрчигдөж байна. 

Тус  хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага нь хандалтыг сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах заалттай. Хоёрдугаарт, хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй.

Гаргасан зөрчлийн тухайд: 

  1. ТВ 4 телевизийн "Таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон "TV 4 Mongolia” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр УИХ-ын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрсөн тул Улсын байцаагчийн албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
  2. Olloo.mn сайтаар "Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна” гэх нэртэй нийтлэлд "Хэнтий аймгийн сонгогчид хэнийг сонгох вэ” гэсэн хэсэгт улс төрийн чансаа тогтоосон судалгаа шалгаруулалт бүхий агуулгатай нийтлэлд уншигчдын сэтгэгдэл авч, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг арилгуулсан.
  3. "ТМ” телевиз "Улс төрийн намуудын амлалт ба биелэлт…” гэх гарчигтай сонгогчдын саналыг 1900-1945 тусгай дугаараар болон телевизийн фейсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
  4. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нь намын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг фейсбүүк хуудаснаа 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр шууд бичлэг хий, тус бичлэгээ ТВ 10 телевизээр шууд дамжуулалт хийлгэсэн нь хууль бус байсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. 
  5. "Боловсрол суваг” телевизийн "70/76” гэх нэвтрүүлэг нь холбогдох хүмүүсийн боловсрол чадварын талаар сурталчилсан, сонгуулийн талаарх үзэл санааг илэрхийлсэн сонгуулийн сурталчилгааны шинж агуулсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн.

Go Back