Home > Топ онцлох / Онцлох мэдээ > “ЧИ ХУДАЛ ХЭЛ, ЭСВЭЛ ЧАМАЙГ БИ ГҮТГЭНЭ...”

“ЧИ ХУДАЛ ХЭЛ, ЭСВЭЛ ЧАМАЙГ БИ ГҮТГЭНЭ...”


2020-05-28, 13:31. Author: nara

 Монгол улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Боржигон овогт Гончигийн Ганболд дараах захиаг ирүүлж, тэнд болж байгаа үйл явдлын талаар бодит тайлбарыг хүргэжээ.

Гончиг овогтой Ганболд миний бие  Монгол төрийн албанд, түүний дотор гадаад харилцааны салбарт 1980 оноос тасралтгүй хүчин зүтгэсэн, тус улсаас Энэтхэг улсад Элчин сайдаар 2015 оноос ажиллаж байна. Англи, хинди хэлэнд суралцаж, Өмнөд Ази, Энэтхэг судлал, ЭҮНХ, Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, Үндэсний аюулгүй байдлын цэргийн бус хүчин зүйлүүд сэдвүүдээр мэргэшсэн, Энэтхэг оронтой ажил хэргийн холбоотой явж ирсэн тухайгаа 2015 оны зун "Өдрийн сонинд  "Газар хол ч, сэтгэлд ойр...”  нийтлэл  бичсэн тул нэмж олныг нурших хэрэггүй биз.

 Эрхэлсэн ажил үүргийн дагуу нийтийн мэдээлэлд нэмэр болох зүйлийг бичиж байснаас хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тэр болгон хандалгүй явж ирсэн миний бие ялимгүй боловч нэгэн сэдвийг эрхгүй хөндөхөд хүрлээ.

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан томилолтын хугацааг дуусган эх орондоо буцах, түүний ажлыг бусад нь үргэлжлүүлж хийх бол байдаг л зүйл. Гэтэл төвөөс дуудлага хүлээн авсан  Шинэ Дели дэх ЭСЯ-ны нэгэн ажилтан "Намайг ажлаас халчихсан байна. Хэн матав? Юу болов?” гэхчлэн нэг дуу тэнгэрт нөгөө дуу газарт гэгчээр хашгирч бүтэн гурван хоног хараал зүхэл урсгав.

Хариуцсан албан хэргээ хүлээлгэж өгөөд хийсэн ажлаа хамт олондоо хэлэлцүүлж үнэлүүлдэг журмыг тэр дагасангүй. Ганц түүнд тохиосон зүйл биш нийтийн жишиг болохыг тайлбарлаж хэлсэнийг ч үл тоомсорлов. Тэгэхээр одоо яалтай билээ ЭСЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хогшлыг ачаад явна гэж нэхэж бусдыг баахан гайхшруулав.

Ингэхэд, тэр ажилтан хэн болох, юуны учир тийнхүү сандарч, өрөөл бусдыг гайхшруулав хэмээн анх түүнтэй нүүр тулж уулзсан, ярьж хэлснийг нь нэхэн санахад хүрэв. ГХЯ-ны Боловсон хүчний ажилтан танай ЭСЯ-нд хинди хэлтэй нэг ажилтныг томиллоо гэж дуулгасны дараагаар бидний хувьд багагүй чармайснаар 2016 оны намар Энэтхэгийн 20 гаруй эрдэмтдийг нутагтаа урьж "Чингис хаан, түүний өв уламжлал, Монгол, Энэтхэгийн уламжлалт хэлхээ холбоо” сэдвээр гурав хоногийн цогц арга хэмжээг Улаанбаатар хотноо зохиох үеэр мөнөөх шинэ ажилтантай таарч цухас ярилцахад, Л.Батсуурь гэдэг нэртэй, Энэтхэгт өргөн хэрэглэгддэг хинди, англи хэлийг сайн мэдэхгүй, монгол тэмээ, хавтгай тэмээнээс ямар ялгаатайг судалсан, ХААИС-д суралцсан, бусдыг нь Танд ярих албагүй хэмээн өөрийгөө товч танилцуулсан.

Төдхөн, "Монгол улс дахь Энэтхэгийн ЭСЯ-аар орж виз мэдүүлээд гарахдаа "Арван дөрөв хоногт багтааж хинди хэлд сургаад өгнө үү. Надад түүнээс илүү хугацаа байхгүй” гэж ярьсан нь чих цохиод орхив. Хаданд хашгирсан биш хүмүүст ярьсан бол аргагүй ч биз.

 Дипломат ажилтан суугаа орныхоо хэлийг эзэмшсэн бол бас л нэг давуу тал. Гэхдээ НҮБ-ын албан ёсны таван хэлний аль нэгээр ажлаа явуулдаг байхад болно биз. Эрх бүхий байгууллага томилсон байхад дэмжээд хамтарч ажиллана даа. Тэгээд ч хэн маань "арван хуруу тэгш” билээ гэсэн зүйл тэр үед надад бодогдож билээ. 

ТТГ-ын дарга асан генерал Б.Хурц гуай нэгэн удаа надад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир манай худ байгаа юм. Тэр худ маань төрсөн дүүгээ Шинэ Дели дэх ЭСЯ-нд томилоод өг! гэж гуйхаар нь би зөвшөөрчихсөн. Уг нь манай байгууллагад ажиллаагүй, сайн дураараа гадуур баахан явсан нөхөр юм байна билээ.  Манай тэр "залуу”  тэгээд, хэр байна даа? гэж ярихад тавь гаруй настай хүн "залуу” гэгдэх юу билээ? гэснээс ондоо зүйл бодогдсонгүй. Гадаад харилцааны сайд Балба, Бутан улсуудад айлчлахад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир гуай оролцох зуур "Элчин сайд аа, Та  дүүд маань туслаарай, мэдэхгүй чадахгүй зүйлийг нь хэлж заагаад өгөөрэй. Танд найдаж байгаа. Ээ дээ, хичээж туслаарай” гэж захиад явсан болохоор хүний итгэл байна даа. Уг хүн нь ажилд зүтгэлтэй бол болно. Бүгдийг мэддэг, хийж чаддаг хэн байлаа? гэж бодож суусанаа ч үргэлжлүүлэн санав.

Бодож төсөөлсөн зүйл бодит байдлаас алд дэлэм зөрсөн байлаа. Шинэ ажилтан ямар ажилд, яах зорилготой ирсэнээ мэдэхгүй. Өөрийн үүрэг зорилгыг ЭСЯ-ны ажилтнуудыг хянадаг, цагддаг гэж ярихаас бусдаар огт төсөөлөхгүй байсан тул ДТГ-ын ажилтны чиг үүргийг тайлбарлаж хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, таслан шийдвэрлэх эрх байдаггүйг хүртэл тайлбарлахаас эхлээд тодорхой асуудлыг шийдвэрлэх арга замыг хүртэл ширхэгчлэн хэлж өгөөд, нэг үгээр ажлын байранд сургалт явуулдаг болж хувирав.

Ажлын чиг үүргээ ойлгож мэдэхгүй хүнд ажиллах итгэл, зүтгэл төрдөггүй. Тэгээд ч мэдэхгүй, чадахгүй зүйлийг сурч эзэмшихийн төлөө зүтгэж чармайх биш, нууж хаадаг зуршилтай. Түүнийг нь олж мэдсэнд хүнд өширхдөг болох нь анзаарагдав. Цөөн хүнтэй, жижиг байгууллагад, тэгээд ч дөрвөн жил хамт байсан болохоор анзаарагдана л даа. Консулын ажилтан бол иргэдтэй өдөр тутам тулж харилцдаг, тэдэнд тусалж дэмждэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг  нь хамгаадаг, зорчих, ажиллах нөхцөлийг хялбаршуулахын төлөө санаачилга гаргадаг, нэг үгээр "ДТГ-ын нэрийн хуудас”, Суугаа болон хавсран суугаа улсуудад суугаа иргэдийнхээ үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмждэг, цаашилбал, ЭСЯ-ны судалгаа мэдээллийн, шуудан холбооны, харуул хамгаалалт, аюулгүй хэвийн ажиллагааг зохион байгуулдаг үүрэгтэй, Элчин сайдын ажилд нэг түшиг тулгуур нь байдгийг эрт урьдын жишээ татаж баахан ярив.

Энэ бүхнийг хэлж ярихад "Та намайг өдөж байна уу?, Оролдоод байна уу?, Миний садан төрлүүд цагдаа, прокурорын байгууллагад ажилладаг байсан, төрсөн ах маань УИХ-ын гишүүн. Таныг яасан ч чадна шүү. ЭСЯ-ны төсвийг захиран зарцуулж байгаа байдлыг шалгуулна, шалгасан хүнийг ч давхар шалгуулна. Та өмч хөрөнгө шамшигдуулсан байж мэднэ. Намайг оролдохгүй, зүгээр байлгавал бол би бас таныг оролдохгүй гэж гэр бүлийн маань амь насанд заналхийлж сүрдүүлдэг болов. Хүүхдүүдээ дунд сургууль дүүргэтэл Энэтхэгт суух санаатай. Харин намайг хааяа магтаж байхыг мартуузай гэж сануулахаа тэр бас мартаагүй.

Суугаа орны хууль журамд нийцүүлж, зөвхөн дипломат ёслолын арга хэмжээнд зориулагдах учиртай архи ундааг дамалж зараад цалиндаа нэмэр болгоё. ЭСЯ-ны ажилтнуудыг эрүүл мэндийн даатгалгүй болгоод, хувьд ногдох мөнгийг бэлнээр авна. Үүнийг би хатуу шаардаж байна гэх зэргээр төсвийн  тухай болон бусад хуульд илт харшлах шаардлага тавьдаг. Энэтхэгийн хэвлэлд бичсэн нийтлэлүүд, орчуулсан номуудыг маань урж тасдаад "Дело” хэрэг ч бүрдүүлдэг боллоо. Тус ЭСЯ-нд ажилласан, одоо ч ажиллаж байгаа Элчин зөвлөх Ч.Бүрэнбаяр, хоёрдугаар нарийн бичгийн дарга асан Б.Наранзул, аж ахуйн эрхлэгч, жолооч асан Б.Батбаатар, нягтлан бодогч асан Ү.Цэвэлмаа болон энэ улсад суралцдаг хүмүүс, Энэтхэгийн байгууллагуудыг ч гүтгэж гүжирдэх нь хэрээс хэтэрсэн.

Албан болон хувийн хэргээр эсвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгт очсон хүмүүст гар сунган туслах учиртай консулын ажилтан өөрийн ажлыг дунд сургуулийн хүүхэддээ ацагласан, "Эмчилгээний төлбөр мөнгөө битгий төл, Элчин сайдыг шаардаад чөлөөлүүл. Тэр нөхөр үүнийг хийх гэж энд суудаг биз. Миний эрэмбэ багадаад байгаа” гэх зэргээр бусдыг өдөөн хатгаж, ЭСЯ-ны хэвийн ажиллагаанд саад бэрхшээл учруулдаг, айлчлал арга хэмжээ, албаны уулзалт ярианаас элдэв шалтаг хэлж бултаж зугтах нь давтагдсаар байнгын үзэгдэл мэт үргэлжлэв.

Түүний дээрх байдлыг засч залруулах чармайлт бүрийг мугуйдлан эсэргүүцэж, "ЭСЯ-ны ажил сайн байгаа бол намайг хөхиүлэн шагнах ёстой. Миний ажил байдлыг магтаж төвд тодорхойл, эс тэгвээс чамайг хуулийн зөвлөхдөө хэлээд шоронд ясыг чинь цайлгана. Чи тэндээс амьд гарья гэж бодвол надад нэг зуун мянган ам.доллар төлөөрэй” гэж заналхийлж сүрдүүлэх нь "Томилсон төр, засагтаа чи худал ярь, эсвэл би чамайг гүтгэнэ. Тэгээд  юунд хүрэхийг чинь харна” гэсэн атгаг санаагаар түүний төвийн байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн иш үндэсгүй зүйлсээс илэрхий харагдана. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргад ЭСЯ-ны хамт олноос гэж ирээд хаягласан баримт нотолгоогүй бас нэгэн "Хүсэлт” нь түүний сүүлийн "бүтээл” биш бололтой.

Олон улсад дэгдсэн цар тахлын улмаас Энэтхэгт саатсан иргэдээ эх оронд нь буцаах, Монголын Бурханы шашинтны төв, Гандантэгчилинг хийдээс захиалсан амны хаалт, эм импортлогч зарим компанид очих учиртай парацетамол зэрэг 2.5 тонн эмийг шуурхай ачуулахад ЭСЯ-ны үүрэг зорилгоо ухамсарладаг ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн эрвийн дэрвийхээр их багагүй ажилласан. Харин энэ ажлыг зохион байгуулах үүрэгтэй консулын ажилтан Л.Батсуурь өөрийгөө болон хүүхдүүдээ өвдсөн гэж худал хэлээд хэд хоногоор ажилдаа ирээгүй. Тэр эдгээр ажилд огт оролцоогүй төдийгүй ”ЭСЯ-ны ажилтнууд бүгд өвдсөн” гэж төв рүү ор үндэсгүй мэдээлж, хүн ардынхаа төлөө унтах нойр, идэх хоолоо хагаслан ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дэмжиж хамт олноосоо бага боловч хандив өргөх санаачилгыг улайрч эсэргүүцсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалыг ашиглан эмчид биеэ үзүүлэх, "COVID19”-ийн шинжилгээ хийлгэх зөвлөгөөг үл хэрэгссэн. Зарим  иргэдийг төөрөлдүүлж, олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тавьсаар байгааг  дэлгэвэл мөд барагдахааргүй.

Саяхны жишээг дурдахад энэ мэт ажил явууллагадаа мэдээллийн 24tsag.mn сайтыг ашиглан "Төлбөртэй мэдээ” гэгчийг нийлүүлж, "200 ам.доллар өгвөл нэг хэсэгтээ ийм зүйл нийтлэхгүй байж болно. Цаанаасаа төлбөр хийсэн учир нийтлэх учиртай” хэмээн хэлүүлж, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх зурвас үеийг ашиглан хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр энэ явуургүй санаархлаа үргэлжлүүлэх боллоо.

Садан төрөл, танил талын дэмээр төрийн тусгай албанд шургалсан нэгэн тэнд ажилллагсдыг занаж сүрдүүлэх, гүтгэн гүжирдэх учир байхгүй. Ажлын явцад алдаа дутагдал гарсан байдаг бол хууль журмын дагуу томилсон байгууллага, Төрийн албаны төв болон салбар зөвлөл, удирдах албан тушаалтанд хандах нь зүйд нийцэх билээ.

Мэдээллийн 24tsag.mn сайтад төлбөртэй нийтлүүлсэн зүйлийн тухайд иргэн Б.Батчулууны ЭСЯ-нд талархсан өргөдөл, консулын ажилтан Л.Батсуурийн нотолж ярьсанаар түүний гэргий Г.Оюуныг хэд хэдэн эмнэлэг, лабораторт шинжлүүлж эрүүл саруул, эрхтэн бүтэн болохыг нотолсон хариу,  охиныг нь эмчилсэн эмнэлгээс төлбөр нэхэмжилсэн захидлыг хавсаргав.  

Өөрөөр яалтай ...

 


 

 

Дели дэх Монголын ЭСЯ-ны Консулын ажилтан Л.Батсуурь

 

 

 


 

 

 


 

 



Go Back