Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон > Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ


2020-05-25, 11:52. Author: nara

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлж байна. Билгийн тооллоор илэрхийлбэл XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас /11.40 цаг/ улс орон даяар мөрдөгдөж эхэллээ.

 

1992 онд батлагдсан арчдилсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар 10 гаруй жил ярьсаар ирсэн. Энэ боломж МАН-ын үнэмлэхүй олонх бүхий 2016-2020 оны парламентад тохиолоо. УИХ таван сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст 2019 арваннэгдүгээр сарын 14-ны өдөр баталсан юм.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулж байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан 40 гаруй хуульд өөрчлөлт орно. Тухайлбал, Засгийн газрын тухай, УИХ-ын тухай, Улс төрийн намуудын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Шүүхийн тухай зэрэг хуулиуд юм.

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө дээрх хуулиудаас Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Чуулганы дэгийн хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Мөн Төрийн аудитын хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, "Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийг баталсан. Үлдсэн Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг Үндсэн хуулийн заалтуудыг амилуулах бусад холбогдох хуулиудыг 2020 ондоо багтааж дараагийн шинэ парламент батлах ёстой.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том өөрчлөлт нь татвар, төсөвтэй холбоотой асуудал мөн Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хуулиудыг УИХ-ын гишүүд санаачлахгүй зөвхөн Засгийн газар санаачилдаг байхаар заасан. Түүнчлэн олон жил яригдсан давхар дээлийг тайлж мөн УИХ-ын гишүүд аливаа ТББ-д удирдах албан тушаал хашихыг хориглосон.

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг инфографикаар хүлээн авна уу.


 

 

 

 

 

 

 

 

 

 


 


Go Back