Home > Онцлох мэдээ / Үйл явдлын товчоон > Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4.6 жилийн ял оноолоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4.6 жилийн ял оноолоо


2020-05-07, 15:37. Author: nara

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар 1996-1998 онд ажиллаж байсан Мэндсайханы Энхсайханл холбогдох хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурван өдөр хэлэлцсэний эцэст М.Энхсайханыг гэм буруутайд тооцож, 4.6 жилийн ял оноолоо. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл 22.1 дүгээр зүйлээр гэм буруутайд тооцжээ.

 

 

 

М.Энхсайханыг дараах үндэслэлээр гэм буруутайд тооцсон байна.

 

"М.Энхсайхан нь Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явцад нөлөөлж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан зарим компанид эдийн засгийн давуу эрх мэдэл олгож, гэм буруутай байна гэж дүгнэлээ. Прокуророос шүүгдэгч М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1, 22.1.2. дахь хэсэгт заасан заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Ингээд шүүгчээс нэгтгэн зүйлчилж түүнд холбогдох хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь заалтаар шийтгэх боллоо. Хохирол төлбөрийн тухайд Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийг М.Энхсайханаас гаргуулахаар боллоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд 14.9 сая төгрөгийн зардал гарсан. Уг зардлыг ч бас гаргуулна.

 

Мөн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргийг прокурорт шилжүүллээ. Учир нь энэхүү хэргийг дахин шалгах шаардлагатай байгаа гэж үзэж байна. Энэхүү гэмт хэрэгт Ц.Элбэгдорж хэрхэн оролцсон, М.Энхсайхан хэргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлийг тодруулах хэрэгтэй байгаа гэж үзэж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүллээ. Өмгөөлөгч нарын зүгээс уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан, хэлэлцэх шаардлагагүй гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүнийг бид нягталж үзээд шүүхээс дараах дүгнэлтийг өглөө. Гэм буруутайд тооцсон хоёр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ. Учир нь автомашин авсан үйлдэл 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр хийгдсэн байгаа юм. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил.Тодорхой бичиг баримтын зөрчлийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн үйлдэл нь 2015 оны дөрөвдүгээр сарын 13-д гэж тодорхойлсон. Тавантолгой ордын сонгон шалгаруулалтад оролцсон гэх мэт үйлдэл нь УИХ-д хэлэлцүүлэхээр өгсөн гэх зэргээр гэмт үйлдэл дуусалгүй үргэлжлээд явж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа зургадугаар сарын 22-ны өдрөөр хязгаарлагдаж байгаа юм. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн үг. Үнэлгээний тухайд, яллах дүгнэлтэд улсын яллагч 130 сая төгрөгийн хохирлыг Эрчим хүчний яаманд учруулсан гэж үзсэн. Энэ нь үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь тухайн үеийн үнэлгээгээр 75 сая төгрөгөөр авах машиныг 130 саяар буюу албан тушаалын давуу талыг ашиглан хохирол учруулсан байгаа юм. Ингэхээр 55 сая төгрөгийн зөрүүг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

 

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо "миний үйлчлүүлэгч гэм буруугүй, шүүх хуулийг буруу хэрэглэлээ, бид давж заалдах болно" хэмээн шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдэгдлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалт:

 

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

 

22.1.1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

22.1.2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Go Back