Home > Үйл явдлын товчоон / Эдийн засаг > Монгол-Японы бизнес форум боллоо

Монгол-Японы бизнес форум боллоо


2015-08-27, 18:46. Author: admin

Монгол-Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ажил хэрэг болгох, хоёр талын худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой Монгол, Японы бизнес форум Лхагва гаригт /2015.08.26/ Гадаад харилцааны яаманд боллоо.  

Тус форумд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /Кэйданрэн/-ы ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 30 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулбал эрх зүйн орчин ямар байна вэ гэдгийг онцлон сонирхсон.

Хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Монголын бүтээгдэхүүн Японы зах зээлд, мөн Японы бүтээгдэхүүн Монголын зах зээлд импортын гаалийн тодорхой хөнгөлөлт эдлэн борлуулагдах бололцоо нээгдсэн.

Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг авч үзвэл Монгол Улс 2014 онд Японы зах зээлд 24 сая ам.доллартай тэнцэх бүтээгдэхүүнийг экспортолсон бол Японоос 520 сая ам.доллартай тэнцэх бараа, бүтээгдэхүүнийг импортолжээ.Хэлэлцээрт тусгаснаар Монголын тал 5700 орчим төрлийн бараа, Японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулна.


Go Back