Home > Онцлох мэдээ / Улс төр Онцлох > БНХАУ, АНУ-ыг Монголд төлөөлөх эрхмүүд хэн бэ?

БНХАУ, АНУ-ыг Монголд төлөөлөх эрхмүүд хэн бэ?


2015-08-27, 16:49. Author: admin
Монгол Улсын гадаад харилцаанд ихээхэн нөлөө бүхий хоёр улсын Улаанбаатарт суух Элчин сайдууд солигдож байна. Энэ БНХАУ болон АНУ юм.

БНХАУ-ын шинэ Элчин сайд Мягмар гаригт /2015.08.25/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Харин АНУ-ын шинэ Элчин сайд Улаанбаатарт хараахан ирээгүй байна.

Хоёр улсын ашиг сонирхлыг Монгол төлөөлөх эрхмүүд хэн бэ?

Манай урд хөрш БНХАУ-аас Монгол улсад суух Элчин сайд Син Хаймин. 1964 онд төрсөн. Эхнэр, охинтой. 1986 он буюу 22 настайдаа БНХАУ-ын ГХЯ-нд Азийн газрын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 1986-1998 онд БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын мэргэжилтэн, 1988-1991 онд БНХАУ-аас БНАСАУ-д суух ЭСЯ-нд ажилтан, атташе, 1991-1992 онд БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, 1992-1995 онд БНХАУ-аас БНСУ-д суух ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн, 1995-2003 онд БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, хэлтсийн дэд дарга, 2003-2006 онд БНХАУ-аас БНСУ-д суух ЭСЯ-нд зөвлөх, 2006-2008 онд БНХАУ-аас БНАСАУ-д суух ЭСЯ-нд зөвлөх, 2008-2011 онд БНХАУ-аас БНСУ-д суух ЭСЯ-нд Элчин зөвлөх, 2011 оноос Монголд Элчин сайдаар томилогдох хүртлээ БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын зөвлөх, дэд захирлаар ажиллаж байсан. Дипломат албанд нийтдээ 30 гаруй жил ажилласан туршлагатай. Ноён Син Хаймины дипломат намтрыг харвал Өмнөд, Хойд Солонгост ээлжлэн ажилласан нь анхаарал татаж байна. Монгол улс Хойд Солонгостой өвөрмөц, найрсаг харилцаатай явж ирсэн, харин Өмнөд Солонгостой 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаа билээ.

 

Ноён Элчин сайд Син Хаймин Монгол Улсын Ерөнхийлөгчид монголчуудын ихэд бэлгэшээн, аливаа үйлийг эхлүүлдэг морин цаг буюу 11.40 цагийг сонгон Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. БНХАУ бол Монголын эдийн засгийн судсыг атгаж байгаа орон гэж хэлж болно. Хоёр орны бараа эргэлт 2014 онд 6,8 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын нийт экспортын 83,3 хувь, импорт 33,8 хувийг эзлэж байна. Өмнөх 2013 онтой харьцуулахад хоёр улсын нийт худалдаа 2014 онд 23.6 хувиар өссөн. БНХАУ нь Монголулсад гадаадын хөрөнгө оруулагч тэргүүлэгч орны нэг. 2014 оны статистикийг авч үзвэл Монгол Улсад орсон нийт гадаадын хөрөнгө оруулалт 507 сая ам.доллар байсны 210 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ хийсэн байна. Далайд гарцгүй, эх газраар зөвхөн БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөрштэй Монгол улсын хувьд хоёр хөршөөр дамжин худалдаа, эдийн засгийн эргэлтийг хийдэг. Статистик авч үзэхэд БНХАУ-тай хийж байгаа монголчуудын худалдаа, эдийн засгийн эргэлт хойд хөрш ОХУ-тай харьцуулахын аргагүй. 1990 оноос хойш 2013 он хүртэл ОХУ-ын Монголд хийсэн хөрөнгө оруулалт 297674.2 сая ам.доллар бөгөөд Монголд хөрөнгө оруулсан орны жагсаалтад ОХУ есдүгээр байрт жагсч байгаа юм.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол улсад өнгөрсөн 2014 онд хийсэн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр хорь гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон. Мөн энэ айлчлалын үеэр Монголоос тээвэрлэсэн ачааг БНХАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр хөнгөлөлттэй үнээр тээвэрлэн Хятадын далайн эргийн боомтуудад хүргэх онцгой нөхцөлийг өгсөн. Мөн Хятадын зүүн эргийн Дандонг, Чиньжоу, Чиньхуандао, Тяньжин, Хуанхуа, Базиан, Инкоу гэсэн долоон далайн боомтыг ашиглан далайд гарах боломжийг Монголд олгосон.

 

 

АНУ-ын шинэ Элчин сайд хатагтай Женнифер Зимдах Галт-ыг энэ оны наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сенат Монголд суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ. Хатагтай Галт нь АНУ-аас Монголд томилогдож байгаа гурав дахь эмэгтэй Элчин сайд юм.

 

АНУ-ын засаг захиргааны албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээллээр хатагтай Женнифер Галт Колорадо мужийн Форт Коллинзоос гаралтай, эцэг нь Колорадогийн Их сургуулийн профессороор ажиллаж байсан. Хатагтай Женнифер Галт Колорадогийн их сургуульд улс төрийн шинжлэх ухаан, түүх, хэл шинжлэлийн бакалаврын зэрэг авсан. Дараа нь Жон Хопкинсийн болон Үндэсний Батлан хамгаалах их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан.

1988 оноос дипломат албаны карьераа эхлүүлсэн. Анхны томилолтоороо тэр үеийн Югослав улсын Белград хот дахь АНУ-ын ЭСЯ-нд Соёлын асуудал хариуцсан туслах мэргэжилтнээр ажилласан. 1992 онд хоёр жилийг мандарин хятад хэл сурахад зарцуулсан. 1994 онд Тайванийн Тайпэй дэх Америкийн Институтэд ажиллахаар томилондсон. Энэ байгууллага нь ийм нэртэй ч үнэндээ ЭСЯ-ны үүрэг гүйцэтгэдэг.

1997 онд Энэтхэгийн Мумбай дахь АНУ-ын Консулын газарт Олон нийттэй харилцах туслах мэргэжилтэн, 2000 онд Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-нд Соёлын асуудал хариуцсан туслах мэргэжилтэнээр ажиллаад 2003 оноос Шанхай дахь Консулын газарт Олон нийттэй харьцах ажилтнаар үргэлжлүүлэн ажилласан. 2008 онд Вашингтонд буцаж ирээд Зүүн Ази, Номхон далайн орнууд хариуцсан товчоонд, 2010 онд Брюссель дэх НАТО-гийн төв оффист Олон нийтийн асуудал хариуцсан зөвлөхөөр очиж ажиллан улмаар Ахлах зөвлөхөөр дэвшсэн. 2012 онд БНХАУ-ын Гуаньжоуд Ерөнхий консулаар томилогдсон.

Нөхөр, хоёр хүүхэдтэй. Нөхөр Фриц Галт нь тагнуулын сэдэвтэй зохиол бичдэг. Хатагтай Женнифер Галт нь мандарин хятад, франц, итали, испани, серби хэлээр ярьдаг.

Ерөнхийдөө Азийн бүс нутагт ажилласан байсан туршлагатай дипломатч гэдэг намтраас нь харагдаж байна. Тэр дундаа манай өмнөд хөрш Хятадаар мэргэшсэн дипломатч юм байна.

АНУ бол Монголын гадаад харилцааны гурав дахь хөршийн бодлогод жинтэй хувь нэмэр эзэлдэг орон. Монгол улс АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурынхан Монголын өнцөг булан бүрт очиж ажиллаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. USAID болон Мянганы сорилтын сангийн тусламжууд Монголын эдийн засагт зохих хувь нэмрээ оруулсан. Мянганы сорилтын сангийн эхний гэрээ 2008-2013 оны хооронд хэрэгжиж, нийтдээ таван төсөлд 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулсан юм. Тус сангийн хоёр шатны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байна. Хоёр шатны санхүүжилтээр 400 орчим сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн урьдчилсан байдлаар тооцоод байгаа.

Мөн өнгөрсөн онд УИХ-аар Монгол-АНУ-ын Ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталсанаар АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх таатай боломж бий болсон.

Дашрамд сонирхуулахад, Хөвсгөл аймгийн Галт сумын нэр хатагтай Женнифер Галт-ын нэрний монгол галиг ижил дуудагдана.

Н.ЗАМБАГА


Go Back